Авлигачдын нүдэнд аргал хөдлөв

Авлигач гэдэг нэр томьёотой танилцаж байсан үеийг бодвол бид одоо л нэг юм нийгмээрээ түүнийг ойлгохтойгоо болов.

Анх хувийн хэвшилд ажилд орвол амьдрах янзтай байсан үе бий. Төдөлгүй хотлоороо төрийн байгууллагад үхэлдэн чихцэлдэх болсон билээ. Төрөөс тэрбумтан төрөх нь амархан гэж үзсэнээс тэр л дээ. Үнэндээ ч тийм байж.

Жишээ, баримт хайх хэрэггүй л дээ. “МИАТ-ийн” гэх хэрэг, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийн “мөнгө угаалт” энэ тэр бүгдийг тайлж өглөө.

Бусдын киноноос үздэг зүйл бидний амьдралд байж шүү дээ. Цусаа урсгаж, хөлсөө дуслуулахгүйгээр хөрөнгөжих боломж байхад хэн шударга бизнесийн тухай бодох билээ. Хэрэг ч үгүй байж. Харин одоо болохгүй гэдгийг ойлгуулж эхэллээ гэхэд хилсдэхгүй.

Авлигачдыг илрүүлдэг юм байна. Барьдаг, хорьдог болж. Бүр чанга дэглэмтэй шоронд шүү. Тэднийг тэгээд зүгээр ч нэг хориод өнгөрөхгүй, хохирлыг нь барагдуулдаг болов гээд нааштай зүйлс харагдах болсон нь сайшаалтай.

Тухайлбал, “МИАТ”-ийн нэр бүхий зургаан нөхрийг “чангад” хийгээд, тус бүрээс нь тэрбум гаруй төгрөг гаргуулан, дээрх компанийг хохиролгүй болгох шийд гаргасан нь иргэдийн бухимдлыг жинхэнэ тайлж байна.

Иргэд шаралхсан даа биш шударга бусыг үзэн ядсандаа тэдний улыг шагайж байгаа юм. Тэр дайны мөнгө тэдэнд байсан, байгаа, байлгах нь тодорхой боллоо.

Жинхэнэ тэрбумтнууд болчихсон байжээ. Ийм нөхөд олон бий. Арилах бас болоогүй. Үндсээр нь таслахгүй бол хогийн ургамал шиг хурдан ургадаг эд л дээ.

Талбайг нэг бүрхээд “ургачихвал” тасрана гэж байхгүй. Үрээр нь устгаад, “нөхөн” сэргээлт сайн хийх хэрэгтэй.

Мөнгөн усны хордлого арилгадаг шиг. Тэгэх цаг ашгүй ирэх шив. Эрчээ л алдаж болохгүй. Авлигачдын нүдэнд аргал хөдлөв. Авлигыг дарсан ард түмэнд өнгөрсөн, ирээдүй хоёр талархдаг. Энэ бол мөнхийн гавьяа билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ