Лениний музей ард түмнийх, Батаарынх боллоо

Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хурал таван удаа хойшилсны эцэст өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүх хурлын танхимд 13:30 цагийн орчимд эхэллээ.
Уг нь 13:00 цагт эхлэх ёстой байсан ч шүүх хуралд МАН-ын талаас нэг ч хүн ирээгүй учир түр хүлээсэн юм.
Гэвч хэн ч ирээгүйгээс шүүх бүрэлдэхүүн МАН шүүхийг хүндлэн үзээгүй тул хойшлуулахгүй хэмээн хариуцагчгүйгээр хурлаа эхлүүлсэн.
Хоёр цаг гаруй үргэлжилсэн шүүх хурал дуусч, Лениний музейн эзэмшигчээр төрийг тогтоож, МАН-ын хууль бус өмчлөлөөс албадан чөлөөлөх шүүхийн шийдвэр гарлаа.
Өмнө нь Нийслэлийн шүүхэд ТӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч МАН-ын Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хуралдаан болж, Лениний музейн өмчлөлийн маргааны асуудлыг авч хэлэлцсэн билээ.
Хуралдаанаар Төрийн өмчийн хорооны хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн 1997 оны Нийслэлийн шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.
Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхбаяр:
-Шүүх хурлын үйл явц ямархуу болж өндөрлөв?
-Лениний музейн эзэмшигчийн асуудлаарх шүүх хурал болж, Төрийн өмчийн хорооны нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гаргалаа.
Өөрөөр хэлбэл Лениний музейн барилгын өмчлөгчөөр төрийг тогтоож, МАН-ын хууль бус өмчлөлөөс албадан чөлөөлөх шүүхийн шийдвэр гарлаа.
-МАН-аас яагаад төлөөлөл ирсэнгүй вэ?
-Мэдэхгүй байна. Бид ямар ч байсан 30-аад минут хүлээлээ. Хуулиндаа ямар нэгэн шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй нөхцөлд шүүхийг үргэлжлүүлэх бүрэн үндэслэл байдаг. Энэ дагуу шүүх хурал үргэлжилсэн.
Монголын үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаа:
- Баяр хүргэе?
-Баярлалаа. Манай Батаар үлэг гүрвэл гэр оронтой боллоо шүү дээ.
-Батаарын түр музейг хэр их хүн үзэж байна?
-Манай музей 08-нд нээгдсэн. Одоогийн байдлаар 78660 хүн орж үзээд байна. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр Монголын ард түмэн музейгээр хагсаж байна, музей гэдгийг сонирхож байна. Дэлхийн жуулчдыг Монголд авчрахад нүүр улайлгахааргүй боллоо.
Одоо бид үлэг гүрвэлийнхээ байрыг эзэмшилдээ авчихлаа. Ингэсэн тохиолдолд олон зуун хүн манай музейг үзэж улсад том хөрөнгө оруулалт болох байх аа. Би нэг бодлого барьж байгаа. Дэлхийн жуулчдыг Монголдоо татахын тулд гадаадад Монголын үзэсгэлэнг гаргахгүй, Монголдоо бүгдийг нь төвлөрүүлэх. Ингэх тусмаа гадны жуулчид манай олноор ирэх төлөв харагдаж байна.
-Батаарын араас ирж байгаа 20-иод олдвор хэдийгээр ирэх юм бол?
-22 ширхэг өвсөн болон махан тэжээлтэн, зургаан зүйлийн үлэг гүрвэлийн олдвор ирнэ. Есдүгээр сар гэхэд бүгдээрээ ирчих байх. Усан онгоцоор ирэх юм.
-Тэр олдворуудаа Батаартай хамт музейдээ байрлуулна биз дээ?
-Тэгэлгүй яахав. Байгалийн түүхийн музейн үйл ажиллагаа зогсчихсон. Тэнд байсан 150 гаруй үзмэр, палеонтологийн төв лабораторит байгаа 200-аад үзмэр, мөн барууны орнуудад байгаа манай 90 гаруй үзмэр, Зүүн Азийн орнуудаас 40-өөд үзмэр ирнэ. Тэгээд нийтдээ 500 гаруй үзмэрээ дэлгэнэ дээ.
-Түр музейгээс олсон орлогоо юунд зарцуулах вэ?
-Энэ сардаа бид үнэ төлбөргүй үзүүлж байгаа. Ирэх сараас том хүн 1000, хүүхэд 500 төгрөгөөр үзүүлнэ. Мэдээж орлогоо музейн засвартаа зарцуулна. Лениний музейн дотор талд их хэмжээний засвар хийх шаардлагатай байгаа.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ