МИАТ-ийн хэргийн талаар Нийслэлийн шүүхээс мэдээлэл хийв

Нийслэлийн шүүхийн шүүгчийн туслах Э.Мөнхгэрэл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Б.Эрдэнэбилэг нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Прокурорын газраас Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ,Ц.Орхон, Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох, Г.Саранчимэг, Н.Гантөмөр нарыг нийт 17-н үйлдлээр 7,2 сая ам доллар буюу 9,3 тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирлыг МИАТ компанид учруулсан гэмт хэрэг үйлдэж, олсон мөнгийг хүлээн авсан, хадгалсан, ашигласан, шилжүүлсэн, хувиргаж онц их хэмжээний орлого олсон гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг БЗД-ийн шүүх 2013 оны зургаадугаар сарын 10,11-ний өдрүүдэд хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа.

Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ,Ц.Орхон, Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох, Г.Саранчимэг, Н.Гантөмөр нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг завшсан, бүлэглэн мөнгө угааж онц их хэмжээний орлого олсон гэмт хэрэгт, Г.Саранчимэгийг Банкны үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Б.Эрдэнэбилэгийг эд хөрөнгө хурааж, 11 жил, нэг сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Р.Бат-Эрдэнийг эд хөрөнгө хурааж, 12 жил, нэг сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Ц.Орхоныг эд хөрөнгө хурааж, 11жил, нэг сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Ч.Хоролсүрэнг эд хөрөнгө хурааж, 13 жил, нэг сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Ч.Суурьтогтохыг эд хөрөнгө хурааж, 11жил, нэг сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Г.Саранчимэгийг эд хөрөнгө хурааж, 11 жил, нэг сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэж, МИАТ компанид учирсан 9,3 тэрбум төгрөгийг гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, МИАТ компанид олгоно. Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох энэ хэрэгт битүүмжлэгдсэн мөнгө, эд хөрөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Гэхдээ энэ шийдвэр Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа үйлчлэх учиртай. Шүүгдэгчид давж заалдах шат, Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй юм.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ