Төрийн банкны ТУЗ-ийн “хувалзнууд”

Төрийн банкны ТУЗ-ийн гишүүд ёстой дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэжээ. Уг нь Сү.Батболдын Засгийн газар УИХ-ын өнгөрсөн сонгуулийн өмнө иргэдэд зургаан хувийн хүүтэй 50 сая төгрөгийн урт хугацаатай орон сууцны хөнгөлөлттэй зээл олгоно гэж олон айлыг орох оронгүй болгосон.
Төрийн банкны хатуу болзлын дагуу зээлийн 30 хувийн урьдчилгаагаа төлөхийн тулд хашаа байшингаа зарсан иргэдийн зарим нь өнөөдөр зээлээ авч чадаагүй, зарим нь дуусаагүй барилгын түлхүүр зүүдлээд баларч явна.
Гэтэл жирийн иргэдэд олддоггүй зургаан хувийн хүүтэй зээлийн мөнгийг байршуулсан Төрийн банкны ТУЗ-ийн найман гишүүн 2012 оны есдүгээр сард зөвхөн өөрсдөдөө зориулан хүн тус бүрт 15 сая 342 мянга 685 төгрөг 62 мөнгөний ашиг хуваарилж, энэ булхайгаа нуухын тулд Хяналтын зөвлөлийн гишүүдийг 30 сая 685 мянга 371 төгрөг 24 мөнгө, банкны гүйцэтгэх удирдлагыг 46 сая 28 мянга 56 төгрөг 86 мөнгөөр амыг нь таглажээ.
Бас болоогүй ээ. ТУЗ-ийн зургаан гишүүн тус бүр орон сууц худалдан авахын тулд 90 сая төгрөгийн дэмжлэг авсан байгаа, дэмжлэг шүү. Эргэж төлөхгүй гэсэн үг. Нөгөө зургаан гишүүний тав нь дахиад 100-204 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл нэмж авсан гээд бодчих.
Ингээд нийт 199 сая 454 мянга 913 төгрөгийг Төрийн банкны толгойд байгаа хэдхэн хүн өнгөрсөн онд чимээгүйхэн хуваагаад авчихсан байна.
Наад захын баримт гэвэл, Төрийн банкны гүйцэтгэх захирал Ж.Отгонбилэгийн 2012 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн Н/01 тоот тушаал байна. Уг тушаалд орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай гээд “Төрийн банкны дүрэм”-ийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, 10 дугаар зүйлийн 10.2.13 дахь заалт, “Төрийн банкны нийгмийн хөгжлийн сан байгуулах, зарцуулах тухай журам”-ын 2 дугаар зүйлийн 2,1, 2.2.7 дахь заалт, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаас (УБТЗ-ын дарга Т.Очирхүү) өгсөн чиглэлийг удирдлага болгон ТУШААХ нь:
1.Өөрийнх нь гаргасан өргөдөл /хүсэлт/-ийг нь харгалзан нийгмийн асуудлаа шийдвэрлэн орон сууц худалдан авахад нь зориулж ТУЗ-ийн гишүүн Б.Ганбатад 90 000 000. 00 /ерэн сая/ төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлсүгэй.
2.Орон сууцны дэмжлэгт шаардагдах хөрөнгийг банкны Нийгмийн хөгжлийн сангаас гаргаж, холбогдох гүйлгээ хийхийг Бүртгэлийн хэлтэс /А.Цэцэгсүрэн/-т даалгасугай.
3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын хэлтэс /Б.Баярчимэг/-т үүрэг болгосугай.
Гүйцэтгэх захирал Ж.Отгонбилэг гэжээ.
Ийнхүү 90 сая төгрөг Төрийн банкны гүйцэтгэх захирал Ж.Отгонбилэгийн тушаал гарсны маргааш буюу 2012 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр тус банкнаас Голомт банк дахь “Коёотэ” ХХК-ийн 3000000271 тоот дансанд саадгүй шилжсэн байна. Түүнээс 12 хоногийн дараа ТУЗ-ийн гишүүн Б.Ганбат бас 155 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ. Зээлийн зориулалтыг“Коёотэ” ХХК-иас 294,1 сая төгрөгийн орон сууц худалдан авахаар гэрээ байгуулсан. Үүнээс 90,0 сая төгрөгийг банкнаас олгосон орон сууцны дэмжлэгээр төлж, мөн 155,0 сая төгрөгийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр санхүүжүүлсэн гэжээ.
Энэ бас ч гайгүй. ТУЗ-ийн гишүүн нөгөө Л.Ганбат орон сууцны дэмжлэгт авсан 90 саяыгаа Төрийн банк дахь 3400031499 тоот алтан картны дансандаа шилжүүлэн бэлнээр авснаас гадна хоёр удаа хөнгөлөлттэй зээл авсан байгаа юм. Эхний удаа авсан 54 сая 680 мянган төгрөгийн зээлийг Л.Ганбатын хамтран зээлдэгч, тусгай нөхцөлтэй, сарын 0,8 хувийн хүүтэй 180 сарын хугацаатай гэж тэмдэглэжээ. Дараагийн 150 саяын зээлийг “Алтайн тулга” ХХК-иас 920,3 сая төгрөгөөр орон сууц худалдан авахаар гэрээ байгуулсны дагуу олгожээ. Харин өмнө нь авсан 90 саяын дэмжлэгийн мөнгийг алтан картнаасаа бэлнээр авсан учраас хэрхсэн нь тодорхойгүй.

ТУЗ-ийн гишүүн Л.Зоригт ч мөн адил 90 саяыгаа төрийн банк дахь 3400031490 тоот алтан картны дансандаа шилжүүлж, 78 саяыг нь бэлнээр авсан байгаа юм. Бас 100 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг нийслэлийн Чингэлтэй дүүрэгт иргэн О.Баярмаагаас 230 саяар орон сууц худалдан авахаар байгуулсан гэрээг үндэслэн авсан ч хэрхсэн нь тодорхойгүй. Хаягаар нь шалгавал Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны 17/2-р байрны 50 тоот.
Ингээд Төрийн банкны ТУЗ-ийн гишүүдийн авсан мөнгөн урамшуулал, хөнгөлөлттэй зээлийг жагсаавал:
1. ТУЗ-ын дарга, УБТЗ-ын дарга Т.Очирхүү. Ашиг хуваарилалт 15 342 685. 62
2. ТУЗ-ийн гишүүн, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асан Ш.Солонго. Ашиг хуваарилалт 15 342 685. 62
3. ТУЗ-ийн гишүүн, СЯ-ны газрын дарга Б.Ганбат. Ашиг хуваарилалт 15 342 685. 62,
орон сууцны дэмжлэг 90 сая, хөнгөлөлттэй зээл 155 сая
4. ТУЗ-ийн гишүүн, СЯ-ны газрын дарга Б.Гэрэлмаа. Ашиг хуваарилалт 15 342 685. 62,
орон сууцны дэмжлэг 90 сая, хөнгөлөлттэй зээл 160 сая
5. ТУЗ-ийн гишүүн, ТӨХ-ны газрын дарга Л.Ганбат. Ашиг хуваарилалт 15 342 685. 62,
орон сууцны дэмжлэг 90 сая, хөнгөлөлттэй зээл эхний удаа 54 сая 680 мянга, хоёр дахь удаа 150 сая
6. ТУЗ-ийн гишүүн, ҮХШХ-ны дэд дарга Л.Зоригт. Ашиг хуваарилалт 15 342 685. 62,
орон сууцны дэмжлэг 90 сая, хөнгөлөлттэй зээл 100 сая
7. ТУЗ-ийн гишүүн, СЯ-ны газрын дарга Б.Батбаяр. Ашиг хуваарилалт 15 342 685. 62,
орон сууцны дэмжлэг 90 сая, хөнгөлөлттэй зээл 110 сая
8. ТУЗ-ийн гишүүн, ХЗЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан. Ашиг хуваарилалт 15 342 685. 62,
орон сууцны дэмжлэг 90 сая
9. Хяналтын зөвлөл. Ашиг хуваарилалт 30 685 371. 24
10. Гүйцэтгэх удирдлага. Ашиг хуваарилалт 46 028 056. 86,
орон сууцны дэмжлэг 868 700 000. 00, хөнгөлөлттэй зээл 1 011 880 000. 00
НИЙТ ДҮН 199 454 913. 06
Дээр нь ТУЗ-ийн гишүүний сарын цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нугалсантай тэнцэх хэмжээний мөнгөнөөс илүүгүй байна гэсэн Засгийн газрын шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Монголд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 49 ХК-ийн долоогийнх нь ТУЗ-ийн гишүүн төрийн албан тушаалтан ч бий.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ