Марко Полод хөшөө босгосон тэнэг улс Монголоос өөр байхгүй

Хүн төрөлхтөн хэн нэгэндээ хөшөө босгох нь хүй нэгдлийн үеэс эхэлснийг үгүйсгэхгүй. Хадны сүг зураг ийм төрөлд орно. Харин Хүннүгийн цагаас жинхэнэ төрхөө олсон гэхэд болно. Чулуун хөшөөнүүд түүний гэрч. Үүнийг монголчууд үргэлжлүүлсний тэмдэг олон буй. Гэхдээ бас ч гэж цадигтай байжээ. Онцгой тохиолдолд тэгдэг байж. Тухайлбал, 335 алд газар буюу одоогийн бидний хэмжээсээр 500 метр газарт харвасан Есүнхэй мэргэн байгаа юм. Бүр оносон гээч. Өнөөгийнхөөр бол баараггүй “Гиннес” гэсэн үг. Чингис хаандаа хүртэл хөшөө босгоогүй ард түмэн ийм л мэдрэмжтэй байсан нь гайхмаар.

Ингэж явсаар социализмын үед жинхэнэ завхарчээ. К.Маркс, Ф.Энгельс, В.И.Ленин, Д.Сүхбаатар, Х.Чойбалсангийн хөшөө битгий хэл цээж барималгүй ерөнхий боловсролын сургууль суманд ч байгаагүй билээ. Аль нэг баатрын хөшөөгүй аймгийн төв ч олдохгүй байсан даа. Бараг тэр аймгийн төвийг хөшөөтэй болгохын тулд бодлогын чанартай баатар төрүүлж байсан гэдэг нь үнэн байх.

Ардчиллын он жилүүдэд арай гайгүй болох биз гэтэл тэгсэнгүй. Бүр хөгөө чирлээ. Баатрын хөшөөгүй аймаг үгүй байсан бол одоо бөхийн хөшөөгүй нь алга болж. Цээж нүцгэн эрсийн хөшөө цаашид сум болгонд ч бий болох шинжтэй. Албан байгууллага бүр өөрийн гэх хөшөөтэй болох аян ч өрнөжээ. Улаанбаатарын бүх эмнэлэг миний мэдэхийн хэн нэгэн гавьяатын хөшөөтэй. Яг үүдэн дээрээ биш ч дотор нь баараггүй буй. За тэгээд сургууль, цэцэрлэг гээд явбал бүр баларна. Дашрамд сонирхуулахад эгэл хүний хөшөө Монголд ганцхан Увсын Наранбулаг суманд байдаг. “Монгол Улсын малчин Энгэлийн Бадам” гэсэн хөшөө л дөө. Зөвлөлтийн улаан армид 16 ат, 93 агт, 1600 хонь, олон зуун нэхий, 10 мянган төгрөг бэлэглэсэн нэгэн юм. Өнөөгийн ханшаар бараг тэрбум төгрөг болох биз. Түүнийг Оросуудын дэмтэй босгосон гэх. Ямарч байсан сонин тохиолдол гэхэд хилсдэхгүй.

Одоо үндсэн асуудалдаа оръё. Хөшөөний халуурал хэтрээд хөх инээд хүрмээр юм ч ажиглагдах болов. Нийслэлийнхээ яг төвд, олны нүдэн дээр “Шангрила” гээчийн өмнө Марко Поло гэх, байсан, үгүй нь ч тийм тодорхой биш, нэгэн тэнүүлчийн сүрлэг хөшөө босгож орхилоо. Хааяа тэрүүгээр явахад гадныхан зураг хөргийг нь авч харагдах юм. Тэгтэл, Чингис хаан, Сүх жанжны маань хөшөө тэр хол, Төрийн ордны өмнөхөн байх. Тэр лүдийн хөшөөг тэнд босгох санааг хэн гаргаж, газар хэн өгч, хөрөнгийг нь хэн босгов. Олох юмсан. Босгомоор бол тэр Марко Поло гэдэг зочид буудлын өмнө л тавьчихна биз. Марко Пологийн хөшөө хотынхоо төвд босгосон тэнэг улс Монголоос өөр байхгүй. Би очиж үзээгүй л дээ. Түүний төрсөн гээд байгаа Италийн Венецэд лав байхгүйг баттай хэлнэ. Хөшөөтэй агаар нэгэн суварга гээч аюул бас гараад ирэв. Өчигдөрхөн Богдхаан уулынхаа өмнө 1000 суварга босгов. Хөдөө талаар нэг суварга. Монгол ийнхүү хөшөө улс л боллоо доо. Яадаг шүү ч юм билээ дээ. Өөртөө хөшөө босгодог юм уу, бүгдээрээ.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ