Муусайн мөнгөгүй юмнууд

Өнгөрсөн сарын 20-доор “ёоёо” Б.Болдсайхан эмч агуу амбицаараа “100 сэдэв 100 эрхэм” нэвтрүүлгийг хөтөлж, МЗХ-ны тэргүүн А.Мөнхбатыг ёстой нэг “балбасан” даа. Хүмүүс санаж байгаа байлгүй, мань докторон хөтлөгч “90-ээд оныхон угаасаа ухамсрын доройтолтой. Та нар залуусаар бол би бөгсөө ч арчихгүй” энэ тэр гэж ирээд аймар их бухимдаж билээ. Энэ залуу одоо яачихаад “ёоёо”-г бухимдуулаад байгаа юм бол гэсэн жирийн нэг А.Мөнхбат л сууж байсан.

“Уурлах шалтгаан байсан биз дээ” гэсэн шүү юм бодоод явж байтал А.Мөнхбат гэгч “өрөмний өт” шиг хархүү Б.Болдсайхан эмчийн эхнэрийн ажлаар оролдсон ч гэнэ үү, эхнэрийг өөрийг нь ч оролдсон болов уу. Ямар ч байсан Б.Болдсайханы эхнэр Д.Энхцэцэгтэй холбоотой явдлаас болж эмч маань ихэд хилэгнэсэн гэж гадуур ярих болов.

Үгүй энэ чинь, бөөрөө авахуулах гээгүй юм бол эмчийн авгайг оролдомгүй юм даа. Тийм байж таарна. Тэгсэн харин нөгөө “юу” ч арчихад тэнцэхгүй “90-ээд оны ухамсар дорой” залуу маань Хүүхдийн паркийг аврах гэсэн нь эмчийн гэргийн ажилд томоос том саад болон хувирсан юмсанж.

Энэ хүмүүс нээрээ юмны цаад талыг ухаж гаргаж, ил тавихаас өөр хийх ажилгүй юм шиг. Б.Болдсайхан эмчийн эхнэр Д.Энхцэцэг нь паркийн хашаанд “Шангри Ла” бариад байгаа “MCS”-ийн Удирдах зөвлөл дэх долоон дэд ерөнхийлөгчийн нэг гэдгийг бас олоод мэдчихэж.

Тэгээд л уг нь нийгмийг булай болгоод байгаа 100 сэдвийн нэг паркийн газрыг хумслагчдыг ичээх ёстой нэвтрүүлэг маань “Ахын сургаал алт, эгчийн сургаал эрдэнэ” гэгч болж хувирсан нь энэ ажээ. Энэ эмч парк дээр тоглохоос дургүй нь хүрдэг хүүхэд байгаагүй нь лав. Тэр ч бүү хэл, “Парк дээр очихгүй бол хоолоо идэхгүй” гэж аав, ээждээ эрхэлж байсан ч байж мэднэ. Угаасаа хүүхэд бүр тэгдэг юм чинь.

Гэхдээ мань эмч өөрийг нь хүүхэд байхад парк 35 га талбайг эзэлдэг, тэнд нь нийслэлчүүд үр хүүхдээ салхилуулж, бас дахиж хэзээ ч бий болохгүй байж мэдэх Үлгэрийн ордон, Төөрдөг байшинд тоглодог байсныг санах ёстой. Бас үүрэгтэй гэхэд ч болно.

“Төөрдөг байшин уу, тэртэй тэргүй хот өөрөө төөрдөг байшин болчихсон юм чинь” гэж түүнийг үгүй хийгсэд тавлах байх. Эмч уг нь энэ явдлыг туйлаас өмөөрч, А.Мөнхбатыг ятгаж, сэнхрүүлэх гэж оролдон, үгэнд нь орохгүй болохоор сүүлдээ цөхөрч, уураа гаргасан ч нийгэм дэх паркийн газартай өвчнийг сэдрээчихснээ мэдээгүй бололтой.

Ямар ч байсан түүний эхнэр удирдалцдаг “MCS” групп паркийн газраас гурван га-г нь хумсалчихсан. Хэдийгээр дэлхийд алдартай “Шангри Ла” сүлжээ зочид буудлыг эх орондоо байгуулж байгаа нь сайхан ч хүүхдүүдээс газар булаачихсныг зөвтгөж чадахгүй нь.

Тэгснээ бас болоогүй ээ “Уг зочид буудалд болбоос залуусын цаг заваа үр бүтээлтэй өнгөрүүлэх, наргиж цэнгэх, усан сан, үзвэр, үйлчилгээний газар байгуулна. Энэ нь хүүхдэд ч бас хамаатай” гэжээ. Тэнгэрт хадсан үнэтэй пааб, дээдсийн эхнэр, хүүхэд л очдог бассейн байгуулах гэж буйгаа нийт хүүхэд, залуусын эрх ашигт нийцсэн ажил гэж тайлбарлахаа боливол таарна.

Паркийг хэмлэсэн компани хэдэн хуруунаас маань давж гарахаас олуулаа. Бэл бэнчингүй болохоор нь хөөрхий хэдэн хүүхдийг бөөрөлхөөд байгаа юм уу хайшаа юм. Одоо тэр “Бодь” групп байна. Хөрөнгийн биржийн хойно аягүй классик ром загварын ногоон барилга босгосон. Бас л хэл амтай. Угаасаа эд нар хэрүүл хийх шаардлагагүй байсан ч хэрэлдэх өө хайдаг гэж бодогдож байна.

За “Бодь” групп болохоор паркийг ер нь өөрийн болгочихсон юм билээ. 35 га талбайн 30 орчмыг нь хэмлэчихээд одоо буцаагаад олон нийтэд өгчих гэсэн МЗХ-той шүүх сэргийлэхдээ тулж маргалдаад ялагдчихсан. Тэгэнгүүтээ “Манайх заавал ялна” гээд давж заалдчихсан. Хүүхдүүдэд ердөө 4.5-хан га газар үлдээчихээд тэр шүү дээ.

Эднийх паркийн газрыг анх хашаалахад нь хэвлэлийнхэн юу болоод байгааг асуусан юм. Тэгэхэд чухам “Дисней лэнд” байгуулж, Монголын мянга мянган алаг үрсийг “Больё” гэтэл нь тоглуулах юм ярьсан ч өдгөө зочид буудал байгуулах болчихоод шүүхдэлцээд явж байна. Эд нар арай дэндэж байна аа. “MCS”, “Бодь” гээд монгол хүүхдүүдийг зочид буудалд тоглодог гэж бодоод байдаг юм биш биз.

Тэгснээ нийслэлээс газар чөлөөл гэхээр “Юу ярьж байгаа юм. Энэ ажилд чинь аймар их мөнгө зарцуулсан. Ёстой чадахгүй. Чаддаг юм бол авахгүй юу. Муусайн мөнгөгүй юмнууд” гэж хэлсэн ч гэх шиг. Арай ч ингэж хэлээгүй байх л даа. Гэхдээ ийм утгатай юмыг ярих элбэг цээжтнүүд шүү. Сонсох нь баячуудын бараг 10 тэрбум ам.доллар паркийн газарт шингэсэн гэнэ.

Үүнээс гадна “Мон-Уран” компани лав нэг га газартай юм билээ, парк дотор. УИХ-ын эрхэм гишүүн Б.Наранхүү энэ газрыг буцааж өгнө гэсэн ч одоо луу унжаад, хэлсэн ярьсныг нь сануулахаар “Юу билээ” гэдэг болсон гэж байна. Тэгээд болоогүй ээ “Манайх ямар нэгэн барилга бариагүй. Зөвхөн компанийн оффис л бий. Харин "MCS" групп таван одтой зочид буудал барьж байгаа шүү. Мөн “Голомт”-ийн Баясгалан эзэмшиж буй газраа өгөх хэрэгтэй. Бусад эзэмшигчид газраа өгвөл буцаахад татгалзах юм алга. Харин ч бидэнд боломж олговол манай компани 10 жилийн турш хүүхдүүдийг үнэгүй тоглуулах боломжтой” гэж мэдэгдсэн. Барьцаж байгаа юм байлгүй. Гол нь хүүхдүүдийг хаана үнэгүй тоглуулах юм бол.

Ер нь паркийн газарт томчууд байтугай жижиг “мэрэгчид” ч дүүрчихсэн. “Сөүл” ресторан, “Бэгдү” констракшн гээд. Эд нар нээрээ ингэж хүүхдүүдтэй хэмлэлдэхээ тоохгүй байгаа юм чинь тун удахгүй Сүхбаатарын талбайг хуваагаад хашаалчихаж мэдэх нь ээ. Тэгээд Сүхбаатарын хөшөөг булаалдаад л.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ