Элэгнээсээ болоод элээ ирсэнгүй

Эмгэнэлтэй мэдээ дуулгаж байгаадаа харамсч байна. “Элээ гэж нэг шувуу байлаа” хэмээн үлгэр мэт ярих цаг ирэв, янз нь. “Усны шувууд ирж гангар, гунгар донгодоход, хөгшин хүн өөрийгөө залуу болсон мэт санана” гэж манай Их зохиолч Д.Нацагдорж дуун алдсан нь бий.
Гэхдээ энэ бол хаврын тухай шүлэг шүү дээ. Тэгэхээр, зүй нь усны шувууд хавар ирдэг болж таараад байгаа хэрэг л дээ. Усны шувуудын түрүүч буюу зам заагч, нэг ёсондоо хөтөч нь элээ юм.
Эхлээд элээ ирдэгсэн. Хот, хөдөөгүй элээ тэнгэрт эргэлдээд л, айлын гэр дээрээс ааруул, хурууд шүүрээд л... Сайхан цаг байж дээ. Төд удалгүй ангир, галуу ирээд гол, цөөрмийн усанд ганганалдахыг хавар боллоо доо гэдэгсэн. Тэгтэл одоо тэр нь байдаггүй.
Өөрөөр хэлбэл, элээ хаачив? гэдэг асуулт гарлаа гэсэн үг л дээ. Хариулт ганцхан нь мэдээж. Элээ байдаггүй ээ, зуны эхэн сар гарчихлаа гэсхийгээд л сууж байна даа, учир мэддэг хүмүүс. Монголд хэдэн тооны элээ зусдаг байсан тухай мэдээ сэлт үгүй бололтой. Хайхыг ч хүссэнгүй.
Ямар, шувуу судлаач биш дээ. Гэхдээ л сэтгэл сэвэлзээд бас болдоггүй. Ингээд учрыг чадан ядан тунгаахыг хичээв. Нэг л зүйл санаанд их уйтай эргэлдэх юм. “Элээний элэг авна” гэх зар нэг үе бүх хэвлэлээр цацагдаж байсан даа. Эл зарын дагуу түүнийг ёстой л хядсан билээ.
Нэг элээг/элгийг/ 5000 төгрөгөөр үнэлээд, Цагаан давааны хогийн цэгийг бараг “улаан цэг” болгосныг зарим нь санаж байгаа байх. Хэдэн зуугаар нь хэдэн жил намнасан даа. Тэгээд л дуусаа биз ээ. Элээг яагаад ийн хядав гэж үү? Элэгнээс нь болоод тэр.
“Элээний элэг элэгний хорт хавдарт сайн” гэх яриа гарснаас тэр юм билээ. Амьтны эрхтэн эмэнд ордог тал бий. Ялангуяа, ардын болон уламжлалт эмнэлэгт шүү дээ. Тэгэхийн тулд элээний элгийг эм болгоод, бие махбодод удаан хадгалагдах бодис холиод хэрэглэдэг байж.
Багаар бодоход цусанд 24 цаг байна гэсэн үг л дээ. Тэгээд эмийн журмаар хэрэглэх нь мэдээж. Яг л цагаар эм уудаг шиг. Түүнээс биш түүхийгээр нь идвэл хоол шиг ялгадас болоод гарчихдаг юм байна. Мэргэжлийн эмч үүнийг хэлсэн юм шүү.
Манайхан ам дамжсан, цуу үгээр элээг хядчихсан хэрэг ээ. Ганц элээ ч биш, хойлог, ахууна гээд олон шувуу иймэрхүү эмгэнэлтэй хувь зохиолын золиос болсон түүхтэй. Усны шувууд ч удахгүй ирэхээ болих биз. Ханиад, томуу гэхгүй харин ч амар юм уу? Гэхдээ л усны шувуу ирэхгүй бол зуны тухай тааламжтай сайхан яриа яахин байх билээ. Тийм үү?
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ