Дарга нарын 101 хүүхдийн төлбөрийг ГТГ даажээ

Энэ жил их, дээд сургуульд элсэх шалгалт өгөхөөр 43800 хүүхэд бүртгүүлжээ. Элсэлтийн шалгалтын босго өндөр ч элдэв аргаар оюутан болдог явдал жилийн жилд яригддаг. Оюутан болоод сургалтын төлбөрөө төлөх том даваа бий.

Харин эх эцэг нь төрд нөлөө бүхий алба хашдаг бол төрийн байгууллагаар хүүхдийнхээ сургалтын зардлыг даалгуулчихдаг лобби тасрахгүй байна.

Нэгээхэн жишээ дурдахад, Газрын тосны газар гэж төрийн ч юм шиг, сургалтын юм шиг байгууллага байх юм. Тус газар Газрын тосны орлого,Төлөөлөгчийг дэмжих сан, Сургалтын урамшуулал, Талбайн дэнчингийн орлого гэсэн гадаад валютын дөрвөн данстай, сүүлийн гурван жилд зөвхөн гадаад томилолт, сургалтын зардалд таван тэрбум гаруй төгрөг зарцуулсан нь нийт төсвийн 62 хувийг эзэлжээ.

Одоо ГТГ-ын нэр дээр АНУ, Англи, Австрали, БНХАУ, ОХУ, ХБНГУ, Малайз, Тайвань, Японд 101 оюутан 3-5 жилийн хугацаатай бүрэн тэтгэлгийн 8-16 мянган ам.доллараар суралцаж байна.

Тэдний дотор УИХ-ын гишүүн асан Б.Өвгөнхүү, Төр, засгийн үйлчилгээ, аж ахуй эрхлэх газрын дарга Д.Нямжав, ҮТЕГ-ын дэд дарга асан Ж.Шишмишиг, Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа нарын түшмэлүүдийн хүүхдүүд олноор багтжээ.

Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайханы 2010 оны наймдугаар сарын 24-ний өдрийн оюутан шилжүүлэх шийдвэрийг хүчингүй болгож, сургалтын зардлыг санхүүжүүлэх тухай гэсэн 91 тоот тушаалд Өвгөнхүүгийн Хангайхүү (ХБНГУ.Э.Карлсын их сургууль, мэдээлэл зүй) нарын тус салбарт огт хамаагүй найман оюутны 2009-2010 оны сургалтын төлбөрт 4800-16000 буюу нийт 65600 ам.доллар олгохыг Захиргаа, санхүүгийн хэлтэс /Л.Энхтуяа/-т даалгажээ.

Тэр ч байтугай А.Тулга, Ө.Хангайхүү нар 2010 оны наймдугаар сард сургуулиа төгссөн тул 2010 оны 1-6 дугаар сар хүртэл хугацааны тэтгэмжийг нөхөн олгосон байна.

Гэтэл гуравхан хоногийн дараа (2010.08.27) сургалтын зардлыг санхүүжүүлэх тухай дахин тушаал гаргаж, 154 120 ам.доллар зарцуулжээ. Хавсралтад дурдсан нэрсийг жагсаавал:

1.Батнягтын Энхбат. АНУ, Вержиниа, ОУ-ын их сургууль, 16000$

2.Санжаагийн Мөнгөнчимэг. АНУ, Иллинойсын их сургууль, 5000$

3.Батболдын Баялагмаа. АНУ, Денверийн их сургууль, аудит, 16000$

4.Цолмонгийн Хулан. АНУ, Денверийн их сургууль, санхүү менежмент, 16000$

5.Дамдинсүрэнгийн Бат-Орших. Канад, Их сургуульд магистр, 16000$

6.Оюунбилэгийн Чинзориг. Малайз, Их сургууль, газрын тосны чиглэлээр, 16000$

7.Дагийжанчивын Санжаа. Малайз, Мултимедиа их сургууль, 12000$

8.Төмөрганы Уянга. Хятад, Шанхайн их сургууль, 6810$

9.Энхбатын Билгүүн. Хятад, Чиндао, ГТИС-ийн хэлний бэлтгэл, 6810$

10.Пүрэвдоржийн Болормаа. Хятад, Тяньжин, Тангугийн их сургууль, 11500$

11.Нарангэрэлийн Оргил. Сингапур, Менежментийн дээд сургууль, 16000$

12.Шишмишигийн Наргилтуяа. Бизнесийн удирдлагын Брукс дээд сургууль, 16000$

Энэ мэтчилэн зөвхөн гадаадын их, дээд сургуульд суралцагчдын сургалтын төлбөр олгосон жагсаалт 101-д хүрнэ. Дээр нь дотоодын их, дээд сургуулийн оюутнуудын төлбөрийг даасан тушаал бас бий.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ