С.Эрдэнэболд мартагдах шахсан монгол зарчмыг сануулав

Өчигдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа номын садангууд цуглаж, нэгэн шинэ номыг өлгийдөн авсан нь Сүхбаатарын Эрдэнэболдын “Монгол зарчим 1 – Цуцалтгүй тэмүүл” байлаа. С.Эрдэнэболд хоёр дахь удаагаа ийн театрын тайзнаа шинэ номынхоо баярыг тэмдэглэж байгаа бөгөөд тэнд хүрэлцэн очигсдыг бодох бодролтой, санах зүйлтэй, монгол зарчимтай буцаасан биз ээ.
Хүн болгон шударга зарчим баримталж түүндээ үнэнч байхыг захихын сацуу хамгийн чухал нь эв нэгдэл, эрх чөлөөний үнэ цэнэ, хууль ёсоо дээдлэхийн чухлыг тэрээр номоороо сануулж энэ бүхнээ “Монгол зарчим” хэмээн зангиджээ. “Монгол зарчим” ном нь гурван ботиор уншигчдын гарт хүрэх бөгөөд эхнийх нь “Цуцалтгүй тэмүүл”.
Залуу үедээ үлгэрлэн жишээлж, цуцалтгүй тэмүүллийг чухалчилж байгаа С.Эрдэнэболдын номоос “Өвлийн өвгөн” өгүүллийг хүргэе.
Дашрамд дурдахад түүний энэхүү өгүүллэгт дурдагдан буй Жак Уэтерфорд нь 2004 онд “Genghis Khan and the Making of the Modern World”, 2010 онд “The Secret History of the Mongol Queens: How the Daughters of Genghis Khan Rescued His Empire” номуудыг тус тус бичсэн юм. Доорхи өгүүлэлд бичихээр завдаж байгаа хэмээн дурдагдсан гурав дахь номоо 2016 оны есдүгээр сард “Genghis Khan and the Quest for God: How the World’s Greatest Conqueror Gave Us Religious Freedom” нэртэйгээр хэвлүүлсэн Монголд элэгтэй нэгэн юм.
Өвлийн өвгөн
Өвөл удтал мөн чанараа олохгүй явсаар он гарахаас гуравхан хоногийн өмнө ашгүй цас бударлаа. Монгол хүн цаанаасаа л нэг хүйтэн жихүүнийг, хацар алгадсан тэсгим жаврыг өвлөөс хүсдэг бололтой. Арванхоёрдугаар сарын 31-ний бага үдээс өмнөхөн тийм л хүсэн хүлээсэн хүйтэн жаврыг туулан нэгэн хүнийг зорив.
Гандирс цогцолборт байх Жак Уэтерфордынд орлоо. Уг нь түүний нэрийг англиар Jack Weatherford гэх бөгөөд эрдэмтэн Ж.Болдбаатар нарын судлаачид Вэдэрфорд гэж бичдэг. Харин Жак өөрөө Орост аж төрж байсны хувьд “Уэтерфорд” гэх галиглалд нь илүү дуртай.
Жак Монголын тухай гурав дахь номоо бичиж өдгөө оны сүүлийн эл өдөр төрсөн гэрээдээ Америк нисэх гэж байгаа нь энэ. Тэрээр зун бүрийг л Монголд өнгөрөөдөг. Энэ удаад ирээд бараг зургаан сар шахам болоод буцаж буй нь энэ. Жак ер зүгээр суудаггүй. Монголд энэ зун ирснээсээ хойш 2000 гаран бээрийг явгаар туулж түүний зэрэгцээ номоо бичсэн юм.
Жактай хэдэн цаг хөөрөлдөж нислэгт үдэхээс нь урьтаж сонин сайхан хуваалцаж байтал “Би дахиж ном бичихгүй. Чингис хаан ба бурхан хэмээх ном маань миний амьдралдаа бичиж буй сүүлчийн ном юм” гэх нь тэр.
Ийм нөхцөлд чухам юу хэлэх ёстойг түрхэн бодолхийлж түүртэнгээ, “Та чинь хэдэн жилийн өмнө Монголын их хатдын нууц товчоо номоо хэвлүүлчихээд би дахиж ном бичихгүй л гэсэн дэг. Одоо дахиад л биччихлээ. Танд шавхагдашгүй их хүч чадал бий, та битгий ингэж гутранги зүйл хэл л дээ” хэмээн би түүнийг аргадангуй бөгөөд аядуухан төрхөөр хэллээ.
Жак тэр үед яг миний нүд рүү харж байгаад намуухан, бас дэндүү ухаалаг өнгөөр ингэж хэлсэн юм. “Эрдэнэболд оо, Би Чингис хаан, Монгол хатдын тухай хос ном бичээд Монголын төлөө хийх ёстой ажлаа дуусгачихсан гэж бодож байсан. Би хүн амьдардаг бүх тивийн 120 гаруй оронд эхнэртэйгээ очиж үзсэн. Тэгээд Монголд ирээд л оюун санааны эх орондоо ирснээ мэдэрч тэрнээс хойш аялахаа больсон. Би бас дахин бичихгүй гэж бодож байсан. “Чингис хаан ба бурхан” хэмээх эл ном бол эхнэртээ зориулж чадах миний сүүлчийн туурвил юм.
Тэр хорвоогоос буцахаасаа өмнө ноднин надад хандаж ‘Жак хонгор минь би өвчин тусаж олон жил чинийхээ бичих судлах, бүтээх туурвих, бас багшлах цагаас чинь хулгайллаа. Одоо надаас хойш чи заавал Монголын тухай дахин нэг ном бичээрэй. Тэр номыг бичиж байх хором бүрт чинь би чиний зүрх сэтгэлд байх болно. Чамайг номоо бичиж дууссаны чинь дараа л би жинхэнэ эрх чөлөөтэй болно” гэж хэлээд өөрийн бахархалт амьдралаа үдсэн дээ.
Яг энэ түүхийг ярьж суухад Жакийн нүднээ нулимс цийлэгнэж бас тэрхэн агшинд инээмсэглэл тодорч том том дуслууд хацрыг нь даган бөмбөрөх аж. Хайртай гэргийгээ санан дурсаж бас хэлсэн захиасыг нь биелүүлж, баяр гунигийн торгон агшин нэгэн цагт давхацсан нь тэр биз.
Хүмүүс Жакийг зүгээр л Монголч эрдэмтэн, аль эсвэл нийтлэлч, алдартай зохиолч гэж бодох нь бий. Миний хувьд Жак бол урьд нь ховор мэдэрч байсан асар сайхан сэтгэлтэй, жинхэнэ зүрхтэй хүн. Тэр бусдыг хайрлаж, чин сэтгэлээсээ хандаж, хорвоогийн хууль, хүн төрөлхтөний сайн сайхантай шударгаар харьцаж чаддаг хүн. Хар багадаа Монголын тухай мэдэж, тэрнээс хойш насан туршдаа монголыг сониучирхан судалж, бүхий л сайн сайхнаа бидний эх орны тухай зориулж байгаа хүн. 1990–ээд оны сүүлчээр л анхны ном нь дэлхийн шилдэг ном болох цаг үед хадам эцэг нь түүнийг хүргэнээрээ хүлээн зөвшөөрсөн гэдэг. Охинтой нь ханилаад 30-аад жил болчихсон байхад шүү дээ. Учир нь Жак бол харц гаралтай, индиан цус холилдсон нэгэн. Харин түүний эхнэр бол язгууртан төдийгүй түүний өвөг эцгийн зураг хоёртын долларын ард байх хамгийн нуруулаг эрхэм Уолкер. Бас Жак мужийнхаа гоо бүсгүйг авч суусан нэгэн.
…Жак Монголд тун ихээр санаа тавьдаг. Түүний эхнэр Уолкер ч тийм нэгэн эрхэмсэг хатагтай байсан. Монголд төрж өсөөгүй, гэхдээ зүрх сэтгэлээрээ миний эх орныг ингэж хайрлах хүмүүс байх нь юутай аз завшаан. Гэтэл зарим монголчууд Жакийг зүгээр нэг нийтлэлч, дорвитой том түүхч биш гэж өнгөцхөн шүүмжлэх нь сонсогддог. Тийм гүехэн бодлыг олон хүн тээдэггүй нь сайхан.
Жак Монголоос мордлоо. Яг энэ бичвэрийг тэрлэж суухад тэр Америктаа газардаж байгаа. Түүний туурвисан монголын тухай шинэхэн бүтээл энэ мөчөөс яг нэг жилийн дараа АНУ-д хэвлэгдэнэ. Харин түүнээс өмнө бид урьтаж эх хэл дээрээ гаргана. Нэгэн үе америкийг үндэслэгч эцгүүд гэгдэж байсан Вашингтон, Адамс, Жеферсон, Франклин нар чухам яагаад бидний түүхийг судлах болов? Америкийн төрийн сүлдэнд байх дэлт бүргэд чухам яагаад сум атган нисэх болов? Тэдэнд Чингис хааны, Монголын түүх ямар сургамжийг заав? Түүний үр дүнд өдгөөгийн америк, соёлт ертөнц юуг хожив? Эдгээр болон бусад асуултад 300 илүү хуудас үргэлжлэх “ЧИНГИС ХААН БА БУРХАН” ном хариулах болно.
Үс нь бууралтаж, улам тачирсаж буй ёнхгор нүдтэй, цэх нуруутай дал шүргэж яваа энэ өрнийн өвгөн жинхэнэ цас мөсний монгол орноос нэгэн том бэлгийг тээсээр барууны ертөнцийг зорин одлоо. Түүний ганзаганд монголын тухай сайн мэдээ, сайн суртал, сайн сурвалж дүүрэн бий. Түүний богцонд барууныхныг тун удахгүй жил гарны дараа жинхэнэ утгаар нь шуугиулж байлдан дагуулах онцгой содон зүйл дүүрэн бий. Тэр Монголоос оюун санааны бэлэгтэй өөр тивд бууж байгаа. Түүний бэлгийг бид ч эргээд чамгүй хүртэх болно.
Өөрийн амьдралын агшин мөч бүрийг үнэн шударгаар, үнэ цэнэтэй өнгөрөөнө гэдэг сайхан аж. Бас хүнийг үнэн мөн чанараараа хайрлаж, өөрөө хайрлуулна гэдэг гайхамшиг аж. Жак яг нисэхийнхээ өмнө “Магадгүй би заримдаа хүн төрөлхтөнтэй эргэж нэгдмээргүй санагдаж байна. Төр хурахад ганцаараа зургаан сар номоо бичиж байхдаа тэгж бодож байлаа. Юутай ч чи нэг л юмыг санаж яв. Чингис хааны Монголчуудад өгсөн хоёр нандин бэлгийг ямагт судлаж таниулж, бусдад түгээж яв. Нэгт, Монгол бичиг, Хоёрт, Монгол улс. Түүний төлөө тэмцээрэй” гэж хэлээд нисэн одов.
Европ төрхтэй Монгол зүрхтэй, эрдэм өвөрлөсөн энэ өвлийн өвгөн хувь заяагаар бидэнтэй учирсан өөрөө бэлэг ажгуу. Өнөөдөр Нэгдүгээр сарын 1. Эртний сурвалжит Хэрэйд аймгийн нутаглаж байсан, өдгөө бидний нийслэлдэж байгаа Улаанбаатар орчимд дүн өвлийн төрх нэгэнт цогцолжээ.
2015 оны 1 дүгээр сарын 1.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ