Нийтийн тээвэр: Эсрэг тэсрэг байр суурь

Зорчигч тээврийн Нэгтгэл нь, нэгд үнэ тарифын хувьд нэг системд авчрах, хоёрт сүлжээ төлөвлөлт буюу маршрутыг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагаар анх байгуулагдсан гэдэг. Мөн автобусны нэг буудал дээрх гурван компанийн тээврийн хэрэгслүүд давхардан ирдэг байдлыг, маршрутын давхардлыг цэгцлэхийн тулд нэг системдоруулах зайлшгүй шаардлага зүй ёсоор тавигдсан байдаг. Гурван компанийг нэг чигт оруулж, нэг удирдлаган дор ажиллуулснаар үйл ажиллагаа саадгүй шуурхай болж, цаг хугацааг ихээр хэмнэнэ гэж үзсэн нь өнөөдөр хэрэгжээд явж байна.

Гэтэл өнгөрсөн долоо хоногт тус нэгтгэлийн Үйлдвэрчний хорооноос нэгтгэсэн үйл ажиллагааг алдаа байсан гэж дүгнэж, тараахыг шаардлаа. Учир нь:

-Хуучин бүтцээр ажиллаж байх үед нэг компанийн жолооч, мөнгө хураагч, засварчдаас бусад ажилтан, албан хаагчдын тоо дунджаар 40 байсан бол одоо “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн нийт ажилтан, албан хаагчдын тоо 160-д хүрсэн гэв. 40 орчим ажилчдын зөрүүн дээр асуудал ярьж байгаа нь тийм ч том шалтаг биш гэж олон нийт үзэж байна. Гэтэл нийслэлийн өмчит "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ыг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулж, 1658 хүний орон тоотой ажиллахаар баталсан байдаг.

-Мөн сэлбэг хэрэгсэл, шатах тослох материал худалдан авах нэрийдлээр үнийн зөрүү гаргаж, мөнгө унагаадаг бизнес өнөөдрийг хүртэл тус салбарт байсаар байгааг Үйлдвэрчний хорооныхон мэдэгдсэн. Олон нийт энэ талаар хэлэлцэхдээ компаниуд тус тусдаа байхад хүртдэг байснаа авч чадахаа байхаар ийн гомдоллох боллоо гэлцэж байна. Уг нь уг нэгтгэлийг анх үйл ажиллагааны өртөг зардлыг бууруулах зорилгоор байгуулсан байдаг.

-Үйлдвэрчний хорооноос тус нэгтгэлийг шинэ хүмүүс удирдах болсноос хойш нөхцөл байдал улам дордож, удирдлагын баг бүрдүүлэх нэрээр ах дүү, хамаатан садны хүмүүсээ ажилд авч, өмнө нь ажиллаж байсан ажилтнуудыг дарамтлан, ажлаас чөлөөлсөн гэдгийг хэлж байлаа. Өмнөх удирдлага Ш.Одонтунгалаг нь олон удаа ажилчдынхаа эсэргүүцэлтэй тулгарч байсан бол Автобус нэг компанийн захирал байсан, одоогийн удирдлага Г.Төмөрбаатарыг ажлаа хүлээж авахад ажилчид нь “Зөв хүн ирлээ” хэмээн халуун дотноор алга ташин угтсан гэдэг. Харин хүрээллээ бүрдүүлэх нь аль ч салбарт хэвийн үзэгдэл болсон гэдэгтэй хүмүүс эвлрэхгүй ч, хэвийн үзэгдэл болсон гэдэгтэй санал нэгдэж байгаа юм.

-Удаах асуудал бол “Смарт” карт. Үүнийг хэрэглэх болсноос хойш алдагдал гарах болсон гэв. Тухайлбал, хайрцганд дутуу мөнгө хийдгээс болж маш их алдагдал гарч, хөнгөлөлттэй зорчдог иргэдийн тоо нэмэгдсэн аж. 2015 оны дөрөвдүгээр сарын 23-наас бэлэн бус төлбөрийн системтэй нийтийн тээврийн автобус үйлчилгээнд анх гарч эхэлсэн нь өдгөө сайн, саар асуудлыг дагуулсаар ирсэн. Иргэд үүнийг хөгжил хэмээн харж, дэлхий дахинтай хөл нийлэн алхах нэг урагштай алхам гэж тодорхойлж байгаа бөгөөд цөөн хэдэн хүний хуурмаг үйлдлийг нийгэмд тэр чигт нь нялзаахыг эсэргүүцэж байгаа юм. Хөнгөлөлттэй зорчигчдын тоо нэмэгдсэн нь аяндаа гарч ирэх нийгмийн үзэгдэл ба тэднийг ад үзэх нь ялгаварлан гадуурхал, ёс зүйгүй үйлдэл гэж харж байна. Харин нийтийн тээврийнхэн эсрэг бодолтой байгаа юм. Шинэ удирдлага нь ч нийтийн тээврийн хөгжлийг хойш нь ухраагч хүчин зүйл гэж тодорхойлжээ. Учир нь төрөөс хараат болсон нь тэдэнд огт таалагдахгүй байгаа бололтой. Орлого, зарлагаа бусдад хянуулж, төрийн өмчит компани болсон гэж тэд хэлж байв.

-Эцэст нь “Автобуснэг”, ”Автобус-3” ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ыгнэгтгэсэн нь буруу тул эдгээрийг тус тусад нь тараах нь зөв гэсэн байр суурийг Үйлдвэрчний хорооныхны зүгээс өглөө. Харин уг нэгтгэлийг байгуулснаар нийтийн тээвэр биеэ авч явах чадвартай болсон гэж шинэ удирдлага нь дүгнэж байна. Тэр үед “Автобус -III”-ын хувьд биеэ авч явж чадахгүй хэмжээнд хүрсэн. Бааз шинэчлэлт хийх шаардлагатай болсон.Эко автобус мөн адил улсын төсөвт алдаг­далтай ажиллаж байсан тухай Г.Төмөрбаатар захирал дурьдав. Олон нийтийн зүгээс автобус компаниудыг нэгтгэсэн нь зөв, буруу эсэх асуудлыг хэлэлцэхээс илүүтэй хариуцлагын тогтолцоо төлөвшөөгүй гэсэн дүгнэлтийг л өгдөг. Уг нь энэ нэгтгэлийг Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, үйлчилгээний чанар соёл,сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор байгуулсан юм.

Харамсалтай нь нийтийн тээвэрчид шаардлага тавихдаа маш сайн, өөрсдөд тулгамдаж буй асуудлыг алдалгүй олж харж, гаргаж тавьж чаддаг. Харин өөрсдөө шаардлагыг хэр биелүүлдэг вэ гэдэг дээр маш том дутагдалтай гэж зорчигчдын дийлэнх нь дүгнэдэг. Нийтийн тээврийнхний хөндөж буй асуудал бүрийн цаана мөнгөний далд сонирхол давхар явж байна гэсэн хардлага олны дунд хэсүүчлэн байна.

Ямартай ч олон улсад нэг сая 500 мянган хүн амтай Улаанбаатар шиг нягтралтай хотод нийтийн тээврийн мөрдөх тодорхой стандарт бий.Тэрхүү стандартын дагуу нийтийн тээврээ төлөвлөх нь зүйтэй гэдгий Г.Төмөрбаатар захирал ч хүлээн зөвшөөрч буй. Тиймээс жилийн жилд шаардлага тавьдаг стандарт бус нийтийн тээвэрчдээс эхлээд бид стандарт нэхэх учиртай. Харин тэд чанартай, соёлтой үйлчилгээнийхээ хариуд шаардлага тавих эрхтэй болох нь зүйд нийцэх юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ