Хятад иргэн визгүй зорчих ямар ч шийдвэр гараагүй, гарах ч үгүй гэв

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр мэдээлэл хийж, "бүлэг хятад жуулчдыгвизгүй зорчуулах нь" гэсэн мэдээлэлд тайлбар өглөө.
Мэдээллийн үеэр жуулчдын тоо нэмэгддэггүйн шалтгааныг дурьдсан юм. Тухайлбал, визний асуудал маш хүндрэлтэй, интернэтээр виз захиалж, авч болдоггүй. Заавал Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газарт хандах шаардлагатай болдог. Агаарын тээврийн үнэ өндөр, олон улсын зах зээл дээр аяллын бүтээгдэхүүн зарлагдсаны дараа нислэгийн үнээ зарладаг. Жуулчны бүтээгдэхүүний нэр төрөл цөөн байгаа зэрэг нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бэрхшээл учруулж байгаа аж.
Иймд салбарын яамнаас эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх бодлого боловсруулж, ажиллаж байгаагаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд мэдээлжээ. Харин мэдээллийг буруу ташаа ойлгосон учраас дээрх ташаа мэдээлэл гарах болсон тул бодитой мэдээлэл өгөх шаардлага гарлаа гэдгийг сайд Д.Оюунхорол хэлсэн юм.
-БНХАУ-ын иргэдийг визгүй оруулна гэх таны хэлсэн үг хэвлэл мэдээллээр гарсан?
-Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай байна гэдгийг аймгийн удирдлагууд БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд санал болгосон аж. Дорнод аймгийн хилээр орж ирээд Дорнод аймгийг үзэх гэсэн жуулчид Улаанбаатар орж зөвшөөрөл аваад Дорнод явдаг байдал төвөгтэй байна гэсэн. Бүлэг жуулчдыг орж ирэхэд визний асуудлыг хөнгөлөх талаар Гадаад харилцааны яам манай яамтай хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Үүн дээрээ яаж хөнгөлөлт үзүүлэх вэ гэдгийг нарийн авч үзэх хэрэгтэй байна.
-Бүлэг жуулчдыг нэвтрүүлэх бол хөнгөлөлт үзүүлэх юм уу, эсвэл визгүй болгох асуудал дээр ойлголцохгүй байгаа юм уу?
-Монгол Улсад БНХАУ-ын иргэдийг визгүй оруулах гэдэг асуудлыг огт яриагүйгээс гадна, ярихгүй гэдгийг хэлж байна. Бүлэг жуулчин гэдэг аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагаар дамжин, нарийн зохион байгуулалттай орж ирдэг хяналтын тогтолцоотой юм.
Монгол Улсад Хятад улсын иргэнийг визгүй зорчих асуудлаар ямар ч шийдвэр гараагүй, гарах ч үгүй. Ингэж Монголчуудыг талцуулан хуваах, нөгөө талдаа гадаад харилцаандаа маш эмзэг сэдвийг мэдээллийн хэрэгслээр цацаж байгааг нь буруу гэж боддог. Үүнийг олон нийт ч, хууль хяналтын байгууллага ч анхааралтай харж байгаа байх.Бүлэг жуулчин оруулж ирэхгүйгээр Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжгүйгэдэг нь ийм учиртай.
Аялал жуулчлалын салбарт эдүгээ 54 мянган хүн ажиллаж байгаа юм байна. Өнгөрсөн жил Монгол Улсад 404 мянган жуулчин ирж, эдийн засагт 312 сая ам.долларын орлого оруулжээ. Гэвч энэ нь хангалттай үзүүлэлт биш, жил ирэх тусам Монголд ирэх жуулчны тоо буурч байгаа гэдгийг мэдээллийн үеэр хэлж байлаа.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ