БНМАУ-ын цагдан сэргийлэх байгууллага (1928-1932 он)

Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газраас мэдээлж байна...
(БНМАУ-ын Засгийн газрын 1928 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1 дүгээр хурал, Улаанбаатар хотын хурлын тэргүүлэгчдийн 25 дугаар хурлаар Хотын Цагдан сэргийлэхийн шинэчилсэн дүрмийг баталсан бичиг)
Монгол төрийн цагдаагийн байгуулллага нь 1928-1932 оны оны хооронд Улаанбаатар хотын захиргааны харьяанд “Цагдан сэргийлэх газар” нэртэйгээр тус хотын хэмжээнд нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байжээ.
БНМАУ-ын Засгийн газрын 1928 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1 дүгээр хурал, Улаанбаатар хотын хурлын тэргүүлэгчдийн 25 дугаар хурлаар 1926 онд батлагдан мөрдөгдөж байсан цагдан сэргийлэхийн дүрмийг шинэчлэн боловсруулж баталсан ба тус дүрмийн нэгдүгээр зүйлд “Улаанбаатар хотын цагдан зохион сэргийлэх газар нь тус хотын доторхи цагдан сэргийлэх явдлыг гүйцэтгэх үүрэг бүхий тусгай газар болно” хэмээн зааснаар Улаанбаатар хотын цагдан сэргийлэх хэлтсийг цаашид “Газар” болон өргөтгөн зохион байгуулах эрх зүйн үндэс нь тавигдаж, энэхүү дүрмийн заалтыг баримталж БНМАУ-ын Засгийн газрын 1928 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын цагдан сэргийлэх хэлтсийг “Газар” болон өргөтгөн зохион байгуулжээ.
Улаанбаатар хотын цагдан сэргийлэх газар ньтус хотын Шүүх таслах газартай харилцан холбоо хэлхээтэй байж, зөвхөн хотын эзэмшил газар нутгийн доторүйл ажиллагаа явуулж байхаар болов. Алба хаагчдын орон тооны тухайд тус дүрмийн гуравдугаар бүлэгт нарийн тодорхой заагдсан байх ба эрхэлсэн түшмэл, туслах байцаагч түшмэл, хэлмэрч, бичээч, морьт, явган цагдаа, галч, хуяг байхаар заагдсан байна. Үндсэн чиг үүрэг нь олон нийтийн худалдааны газар, аливаа хуралдах цэнгэлдэх газар, зах зээл, зам гүүр зэрэг улсын чухал газруудад нийтийн хэв журам сахиулах, гал түймрийн аюултай тэмцэх, гадаад улсын элчин сайд, консулын албаны хүмүүсийг хамгаалах зэрэг байв. Зэр зэвсэг агсамжийн хувьд винтов буу, гар буу, сэлэм зэргийн зэвсгэлэлтэй. Түүнийгээ шаардлагатай тохиолдолд буюу хулгайч, дээрэмчидтэй тулах, шорон гяндангаас оргосон хүнд ялтан баривчлах, эсэргүүцэл үзүүлэх, олноор хамтарч буюу бүлэглэн хулгай дээрэм зэргийг үйлдэгчидтэй тэмцэх, үед, хүн амь хүчнгийнзэрэг онцгой шаардлага гарсан үед хэрэглэх ёстой байсан байна.
Энэ үед буюу 1928-1929 онд Улаанбаатар хотын цагдан сэргийлэх газрын даргаар Гончигийн Бумцэнд ажиллаж байжээ.
Тэрээр Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу буюу одоогийн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ард Гончигийн гэр бүлд 1881 оны намрын эхэн сарын шинийн 17-нд мэндэлжээ. Г.Бумцэнд нь цагдаагийн даргаас гадна 1940 онд хуралдсан наймдугаар Их хурлаас түүнийг Улсын Бага Хурлын гишүүн, улмаар БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргаар сонгогдон ажиллаж байсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн хүн юм. Түүний ард түмний өмнө байгуулсан гавьяаг төр засгаас өндрөөр үнэлж, Сүхбаатарын одон, байлдааны гавьяаны улаан тугийн одон, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус бүр хоёр удаа шагнажээ.
1929 оноос эхлэн Улаанбаатар хотын цагдан сэргийлэх газрын гүйцэтгэх үүрэг, эрх хэмжээнд нэлээдгүй өөрчлөлт оруулсан ба БНМАУ-ын тавдугаар Их Хурлын“Дан ганц сэргийлэн хамгаалах ажлыг эрхлүүлэх нь зүйтэй” хэмээх шийдвэрийг үндэслэн 1929 оны 03 дугаар сарын 08-нд БНМАУ-ын Засгийн газрын 06 дугаар хурлаар мөн сарын 20-ны өдрөөр тасалбар болгон Улаанбаатар хотын цагдан сэргийлэх газраас эрүү, иргэний хэргийг эрхлэн шийдвэрлэж байсан журмыг өөрчилж, дуусаагүй хэргүүдийг зарим алба хаагчийн хамт Улаанбаатар хотын Шүүн таслах газарт шилжүүлжээ. Мөн тус хурлаар цагдан сэргийлэхийн үйл ажиллагаатай хэлэлцсэн асуудлын дотор цагдан сэргийлэх нь энэ завсар улсын буюу Улаанбаатар хотын цагдан сэргийлэх газар, түүнчлэн хотын захиргааны нэгэн хэлтэс болох зэргээр тогтворыг олохгүй байн байн өөрчлөгдөж ирсэн нь үл зохилдохоос гадна бас цагдан сэргийлэхийн ажилтныг бусад газруудын шийдвэрээр аар саар ажилд явуулахгүй, түүний дүрэмд заасан ёсоор Улаанбаатар хотын хэмжээнд сэргийлэн хамгаалах үүрэг гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Улаанбаатар хотын цагдан сэргийдэх газар нь хэдийгээр эрүү, иргэний хэргийг хариуцаж шийдвэрлэхийг зогсоосон боловч, зарим гэмт этгээдүүдийг урьдчилан хорьж саатуулах шаардлага зайлшгүй гарахыг анхаарч 1929 оны 06 дугаар сарын 14-нд БНМАУ-ын Засгийн газрын 19 дүгээр хурлаар хорихгүй бол үл болох чухал хэрэгтнийг 24 цагаас хэтрүүлэхгүйгээр хорих эрхийг цагдан сэргийлэхэд олгохоор шийдвэрлэж, улмаар БНМАУ-ын Бага Хуралд явуулан батлуулжээ.
1929 оны 06 дугаар сарын 06-нд Шүүх явдлын яамнаас Улаанбаатар хотын цагдан сэргийлэх газарт бага сага хэргийг захиран тушаах журмаар тусгай дүрэм зааврыг баримтлан торгууль ноогдуулж байх эрх олгох тухай асуудлыг боловсруулан хэлэлцүүлсэнд БНМАУ-ын Засгийн газрын 19 дүгээр хурлаар баталж, уг олгосон эрхийг зөв зохистой эдэлж хэрэглэхийг цагдан сэргийлэхэд даалгажээ.
БНМАУ-ын Засгийн газрын 1929 оны 06 дугаар сард 18 дугаар хурлаар Улаанбаатар хотын захиргааны цагдан сэргийлэх хэлтсийн зохион байгуулалт өргөжин газар болсон учир дүрэмд нь зарим өөрчлөлт оруулж улмаар мөн оны 07 сарын 12-нд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 55 дугаар хуралд оруулан батлуулсан байна. Энэ дүрэмд цагдан сэргийлэх нь Улаанбаатар хотын хэмжээгээр ажлаа явуулахыг заахын хамт нийгмийн өмчийг хамгаалах, иргэд цэргийн алба хаахаас зайлж зугтаах, цэргийн хүмүүс оргох зэргээр сахилга бат алдах явдалтай тэмцэх, жин хэмжүүрийг хянаж шалгах, албан байгууллагуудын хүсэлтээр гэрээ байгуулж хамгаалах зэрэг шинэ нэмэлт үүргүүдийг оруулав.
1930 оноос эхэлж БНМАУ-ын Дотоодыг хамгаалах газар нь тухайн үеийн улс орны дотоод байдал, нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан Улаанбаатар хотын цагдан сэргийлэх газрыг өөрийн харьяандаа авч гүйцэтгэх шуурхай, эрэн сурвалжлах ажил эрхлүүлэх бодлого санал тавьж эхэлжээ.
Энэхүү бодлого зорилт нь биелэлээ олж БНМАУ-ын Дотоодыг хамгаалах газрын даргын 1932 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 66 дугаар тушаалаар Улаанбаатар хотын цагдан сэргийлэх газрыг БНМАУ-ын Дотоодыг хамгаалах газрын Хил хязгаарыг батлан хамгаалах хэлтсийн харьяанд шилжүүлжээ. Тус тушаалд “Засгийн газрын тогтоолын ёсоор Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрыг орон тооны хүмүүс ба орлого, зарлагын мөнгөний хамтаар Дотоодыг хамгаалах газрын мэдэлд шилжүүлэхээр болсон тул энэ өдрөөс ёсоор гүйцэтгэж, тус газрын хил хязгаарыг батлан хамгаалах хэлтэст шууд захируулбал зохино” гэжээ.
Мөн Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын сургагчаар Дотоодыг хамгаалах газрын боловсронгуй төлөөлөгч Феодоровыг түр томилж, цагдан сэргийлэх газрыг хүлээн авах ажиллагааг 03 дугаар сарын 01-ний дотор дуусгаж, акт бичиг үйлдэхийг хил хязгаарыг батлан хамгаалах хэлтэст даалгаж, комиссын даргад хил хязгаарыг батлан хамгаалах хэлтсийн дарга Жадамба, гишүүдэд боловсронгуй төлөөлөгч Феодоров, цагдан сэргийлэхийн дарга Жигжид нарын гурван хүнийг томилжээ.
Ийнхүү Монгол төрийн цагдаагийн байгууллага нь 1926-1932 оны хооронд Улаанбаатар хотын захиргааны харьяанд хэлтэс, газрын зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулж байгаад 1932 оны 03 дугаар сарын 01-ээс Дотоодыг хамгаалах газрын харьяанд шилжин ажиллах болжээ.
ЦАГДААГИЙН ТҮҮХ СУДЛАЛЫН СЕКТОР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ