Чимээгүй дайсны гавъяаг чих тавин сонсохуй

Халуун амийг хүйтэн сүг болгох хар шидэт харийн тахалд манай хойч үе, залуучууд өртөж, нэрвэгдэж байгаа нь энэ нийгмийн хамгийн эмзэг сэдэв болоод байна. Үхлийн гамшиг, үгээгүй хоосныг дагуулсан амьдралын дайсан болох хар тамхины өөрийн гавъяа, хүмүүнд учруулсан хохиролын хэрээр их ээ. Дэлхий дахиныг эзэгнэх түүний их аян хил дамнан эх оронд минь давалгаалан орж ирээд багагүй хугацааг элээлээ, цөөнгүй залуусын амьдралын орон зайг ч эзэллээ. Тоо баримт ч огцом өсөх хандлагатай. Тиймээс л бид энэ удаад цагдаагийн байгууллагаас хүргэж буй мэдээллийг онцлон хүргэхийг ийн зорив.

Бид "НҮБ-ын Мансууруулах эмийн тухай конвенци"-д 1990 онд, "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" 1999 онд, "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг конвенци"-д 2001 онд тус тус нэгдэн орж, УИХ-аас 2002 онд баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188, 192, 196-р зүйлүүдэдХар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хуульчилсан. Гэсэн ч өнөөгийн нөхцөл байдлыг авч үзвэл энэ төрлийн бодис зарж борлуулдаг, хэрэглэдэг иргэдийн тоо өсч, аюулын харанга дэлдэж байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус нийлүүлэлт Монгол улсад БНХАУ, ОХУ, мөн зүүн өмнөд Азиас гэсэн гурван урсгалаар метавитамины төрлийн болон мансууруулах ургамалын гаралтай бодисуудыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, зарж борлуулан дамжин өнгөрүүлж байна.

Мөн манай оронд ургадаг мансууруулах үйлчилгээний зэрлэг олсны ургамалынтархац их байгаа нь түүнийг залуучууд түүж боловсруулах нөхцлийг бүрдүүлж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын нийлүүлэлтийн гол эх сурвалж болж байгааг мэргэжлийн хүмүүсонцолдог.

Манай улсад мансууруулах төрлийн бодисыг оруулж ирэх арга хэлбэр улам нарийсчээ. Тухайлбал, бусдын бараанд нуух, жирийн иргэдэд хүргүүлэх байдлаар ачаа тээшээр өгч байгаа нь тэдгээр иргэдийг хохироох, хохирогч болгох нөхцөл байдлыг үүсгэж байгаа аж. Түүнчлэн олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, ахуйн болон хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нуух, бусдад дайх хэлбэрээр хууль бусаар хил нэвтрүүлэн борлуулахдаа товлосон газарт нууж үлдээх, төлбөр тооцоог урьдчилж бусдын дансаар гүйлгээ хийлгүүлж хүлээн авах, шилжүүлэх зэргээр нарийн зохион байгуулалтад оржээ.

2016 он гарснаас хойш хар тамхи мансууруулах бодистой холбоотой 8 гэмт хэрэгт 28 хүнийг холбогдуулан шалгаж байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогсдын эцсийн зам нь эрүүл мэндээрээ хохирох, эс бол хуулийн хариуцлага хүлээх. Хэрэв мансууруулах бодис хэрэглэсэн бол энэ хоёр шийтгэлийг аль алийг нь хүртэх нь тодорхой. Үүнийг даган ар гэрийнхэн нь хохирч үлдэнэ.

2006 оноос хойш 117 хүн уг гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэглэсэн 39, бусдад дамжуулсан 1 иргэн тус тус шүүхээс ял шийтгэгджээ.

2010 он хүртэлх хугацаанд энэ төрлийн гэмт хэргийн ихэнх хувийг манай оронд ургадаг мансууруулах үйлчилгээтэй зэрлэг олсны ургамалын төрлийн бодисыг олж авах, хадгалах, борлуулах, илгээх гэмт хэрэг эзэлж байсан бол түүнээс хойш химийн аргаар боловсруулсан сэтгэцэд нөлөөлөх бодис болох мөс буюу ICE гэдэг бодисын хэрэглээ нийгмийн бүхий л давхаргын хүмүүсийг хамрах болсон.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн 5.4.4-т “Мөнгө угаах, хүний наймаа, хар тамхины болон цахим гэмт хэрэг, шинэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж заасан. Гэвч энэ чиглэлийн ажилд тулгамдаж буй асуудал олон байна. Ялангуяа цагдаагийн байгууллагын болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг сургах, мансууруулах бодист донтогсдыг эмчлэх, тэдэнтэй ажиллах арга зүй, шаардлагатай байгаа юм.

Хэрэглэгчид эхэндээ энэ төрлийн бодисыг сонирхолдоо хөтлөгдөн бусдын үгэнд автаж, тэднийг даган дуурайх байдлаар хэрэглэдэг бөгөөд гоё гэж манарч явсаар нэг л мэдэхэд гарч чадахааргүй автсан байдаг гэдгийг ярьж байна. Мөн цаг хугацаа ч алдаж, ганцаардаж, өрөөл бусад нь түүнийг хар тамхинаас өөрцгүйгээр хандаж, улмаар эрүүл мэндээрээ хохирдог тул энэ төрлийн бодисыг үзэн ядах, хол байхыг тэд зөвлөж байлаа.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогсдыг насны байдлаар нь авч үзвэл:

Энэ гэмт хэрэгт холбогдогчдын 40,9 хувь нь эрхэлсэн ажилгүй, 76,3 хувь нь 18-35 насны залуучууд байна. Ажилгүй гэдэг нь ямар нэг хөдөлмөр эрхэлдэггүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэд бус харин мөнгөний эх үүсвэр нь хувийн бизнес, эсвэл эцэг эхийн мөнгө хөрөнгөөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөтэй бодисыг худалдаж авдаг этгээдүүдийг хэлж байгаа юм. Ийм хүмүүс дийлэнх нь байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Тэд найз нөхдийн харилцаа холбоогоор дамжуулан уг эм, бодисыг олж авдаг аж.

Мансууруулах эм, бодисуудыг хэрэглэснээр гаднаас эрч хүч, энерги авч байгаа зүйл биш, тухайн хүний өөрийн биед байгаа бүх эрч хүч энергийн нөөц бололцоог богино хугацаанд дайчлан гаргаж байгаа үзэгдэл юм. Энэ энерги дуусах юм бол хүн сульдалт, туйлдалтад орж цус харвалт, зүрхний шигдээс үүссэнтэй ижил цусан хангамжийн дутагдал, хордлогын шинжүүд илэрч, эрхтэн болгонд зурвас жижиг үхжлүүд үүсдэг байна. Энэ үхжлүүд эргэж сэргэдэггүй гэдгийг мэргэжлийн хүн хэлж байна.Ингэж биед байгаа эрч хүч, халаасан дахь эд хөрөнгийг шавхагдтал сорогч чимээгүй дайсны гавъяаг чих тавин сонсоод суух уу?

Ийм аймшигт хар тахалын гамшгаас сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо бүхий үйл ажиллагаанаас гадна эцэг эх, асран хамгаалагч нарын хараа хяналт маш чухал. Тэд хүүхэд залуучуудыг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулахгүй байхын төлөө тодорхой хэмжээгээр үүрэг хариуцлагатай, байнгын оролцоотой байх ёстой. Өнөө, ирээдүйнхээ эрүүл саруул, гэрэл гэгээтэй цаг үеийг бүтээхэд бидэнд хийх зүйл их байна. Бид цаг хором бүрээр ирээдүйгээ өнгөрсөнд илгээхгүйн төлөө, хар тахалд бариулахгүйн тулд хажуу дэргэдээсээ хараа хяналтаа салгаж болохооргүй болсон. Эс бөгөөс эргэж харахын завдалгүй таны, миний дотны нэгэн тахалд нирвэгдэж, танигдахын аргагүй өөрчлөгдсөн байх вий.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ