Ч.Энхбат: ОУВС Хөгжлийн банкны хуулийн төсөлд дахиж санал өгөөгүй

Хөгжлийн банкны тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбаттай ярилцлаа.
-УИХ-ын зарим гишүүд Хөгжлийн банкийг төсвийн гадуур үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлсэн хуулийн төслийг боловсруулсан, энэ нь ОУВС-гаас өгсөн “Монгол Улс олон төсөвтэй бус нэгдсэн нэг төсөвтэй байх ёстой” гэсэн зөвлөмжтэй нийцэхгүй байна гэж шүүмжлэлтэй хандаж байна. Тус зөвлөмжтэй нийцэхгүй хуулийн төсөл өргөн барьсан юм уу?
-Өнгөрсөн жилүүдэд Хөгжлийн банк улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 3,3 их наяд төгрөгийн санхүүжилтийг олгосон байдаг. Тодруулж хэлбэл, 2015 он хүртэл улсын төсвөөс гадуур зам, гудамж талбайн засвар, дэд бүтцийн буюу төсвийн шинжтэй төсөл хөтөлбөрүүдийг УИХ-аар батлуулалгүй, хяналтгүй санхүүжүүлж байсан юм. Энэхүү байдлыг тухайн үед сөрөг хүчин байсан МАН болон ОУВС, ДБбуруушааж, Монгол Улс нэгдсэн нэг төсөвтэй байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байсан. Үр дүнд нь 2015 оноос эхлэн улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй Хөгжлийн банкнаас санхүүжигдэх төсөл хөтөлбөрийн тухайн жилд санхүүжигдэх дүнг төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгон баталдаг болсон.
ОУВС-ийн тавьж буй нэг шаардлага бол хэрэв цаашид Хөгжлийн банкаар төсвийн шинжтэй санхүүжилт хийхээр бол банкны бүх зээлийг төсөвт тусгах, нэг бол төсвийн шинжтэй зээлүүдээ салган авч, Хөгжлийн банкны хууль эрх зүйн орчныг боловсронгүй болгож банкийг зөвхөн санхүүгийн үр ашигтай, зээлээ эргэн төлөх боломжтой төсөл, хөтөлбөр санхүүжүүлдэг байх нөхцөлийг тавьж байсан.Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг санхүүжүүлэх нь Хөгжлийн банкны санхүүгийн зохистой харьцаа, ашигт ажиллагааг бууруулах, мөн улсын төсвийн зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай байсан. Үүний дагуу Засгаас газар Хөгжлийн банкин дээр байгаа улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй бүх зээлийг Сангийн яаманд шилжүүлэх, Засгийн газар, Хөгжлийн банк хоорондын өр, авлагыг эцэслэн шийдвэрлэх, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар тогтоолын төслийг боловсруулан УИХ – д өргөн мэдүүлж, оны өмнө батлуулж авсан. Өөрөөр хэлбэл, энэхүү тогтоолоор өмнө үүссэн бүх өр авлагыг эцэслэж, цаашид Хөгжлийн банкаар улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилтийг хийхгүй болсон.
-Тэгэхээр Хөгжлийн банк улсын төсөвтэй хамаагүй болсон гэсэн үг үү? Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхгүй юу?
-Бид энэхүү тогтоолын дагуу төсөвтэй холбоотой бүх төсөл, хөтөлбөрүүдийг засагт шилжүүлсэн. Одоо манай баланс дээр зөвхөн арилжааны шинжтэй, төслийн орлогоос эргэн төлөгдөх боломжтой төсөл хөтөлбөрүүд үлдсэн.Тодруулж хэлбэл, ОУВС-ын нэг шаардлагыг биелүүлсэн гэсэн үг. Мэдээж УИХ болон Засгийн газар шаардлагатай гэж үзвэл тодорхой төсөл, хөтөлбөрт зориулан улсын төсөвт хөрөнгө тусгаад Хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлэх асуудал эрх бүхий байгууллагуудын бүрэн эрхэд байгаа. Хамгийн гол нь өмнөх жилүүдийн алдааг давтахгүй өр үүсгэж төсвийн шинжтэй санхүүжилтийг Хөгжлийн банк хийхгүй. Нөгөөтэйгүүр, УИХ-аас хөгжлийн тодорхой хөтөлбөрүүд батлаад Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх үүрэг өгч болох бөгөөд банк судлаад гагцхүү эдийн засаг, санхүүгийн үр ашигтай, зээлээ эргэн төлөх боломжтой төслүүдийг хуульд заасны дагуу сонгож, санхүүжүүлнэ гэсэн үг. Ер нь гадны амжилттай яваа Хөгжлийн банкуудыг судлаад үзэхэд улсын төсвөөсөө ангид байдаг.Гагцхүү Засгийн газар, парламент нь Хөгжлийн банкаараа дамжуулж тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа бол түүнийгээ төсөвтөө тусган парламентаараа баталж өгдөг. Бид цаашид энэ жишгийн дагуу л явахыг зорьж байгаа.
-Хөгжлийн банк тэгэхээр санхүүжилтийн эх үүсвэр, төслөө яаж сонгох юм бэ?
-Хөгжлийн банкны хуулийн төслийн шинэчилсэн найруулгаар Хөгжлийн банк УИХ-аас баталсан урт болон дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт нийцсэн төсөл эдийн засаг, санхүү, түүнчлэн нийгмийн үр ашигтай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. Тухайлбал, Засгийн газрын 4 жилийн мөрийн хөтөлбөрт туссан төслүүдээс зээлээ эргэн төлөх боломжтой төслүүдийг сонгон санхүүжүүлнэ гэсэн үг. Эх үүсвэрээ өөрсдөө олж санхүүжүүлнэ. Манай улсын зээлжих зэрэглэл одоогийнхоос 3-4 шатлал дээр, эдийн засгийн өндөр өсөлттэй үед хэдэн жилийн өмнө Хөгжлийн банк ерөнхий нөхцөлтэй жилийн 5-6 хувийн хүүтэй зээл гадаад зах зээлээс босгож чадаж байсан бол өнөөгийн нөхцөлд 10-аасбага хүүтэй мөнгө олдохооргүй байна. Гэхдээ хамтрагч гаднын банк, санхүүгийн байгууллагууд тодорхой төслүүд дээр бага хүүтэй мөнгө зээлэн хамтран оролцох боломжтойгоо илэрхийлж байгаа.
-Санхүүжилт босгох бэлэн төсөл байгаа юу? Яг ямар төслийг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа вэ?
-Өмнөх жилүүдэд гарсан том алдаа бол хэрэгжүүлэх бэлэн төсөл хөтөлбөргүй их хэмжээний хөрөнгө гаднаас босгож оруулж ирсэнд байгаа юм. Тодруулж хэлбэл, юу хийхээ мэдэхгүй баахан мөнгө зээлээд, болохоо байгаад ирэхээр арилжааны өндөр хүүтэй зээлээр баахан зам тавиад, гудамж талбай засчихсан. Өнөөгийн өр зээлийн дарамт үүнээс үүдэлтэй. Тиймээс бид энэ алдаагаа давтахгүйн тулд эхлээд төслүүдээ бэлэн болгохын сацуу бизнес моделио өөрчилж байгаа. Өмнө Хөгжлийн банк төслийнэрсдэлийг 100 хувь өөр дээрээ авч 100 хувь дангаар санхүүжүүлдэг байсан одоо бид төслийн 15-20 хувьд орж, үлдсэн хэсгийг нь төсөл санаачлагчаас болон гаднын банк, санхүүгийн байгууллагаас гаргуулж хамтран санхүүжүүлэх юм. Энэ нь төслийн ил тод байдал, санхүүгийн үр ашиг, хяналт, эдийн засагт үзүүлэх үр нөлөөнд чухал ач холбогдолтой юм. Бид өнгөрсөн 4 сарын хугацаанд яамд, төрийн байгууллагууд, Худалдаа аж үйлдвэрийн танхим, аж ахуйн нэгжүүд дээр байгаа 1100 гаруй төслүүдийг олон шалгуур, шүүлтүүрээр ангилж судалсны үндсэн дээр гаднын банктай хамтран санхүүжүүлж болохуйц 40 гаруй төсөлтэй болоод байгаа. Эдгээр төслүүд нь үндсэн 4 салбар буюу хөдөө аж ахуй, уул уурхай, дэд бүтэц, зам тээвэрт хуваагдаж байгаа.
-ОУВС Хөгжлийн банкны шинэ хуулийн төслийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу?
-Хөгжлийн банкинд өнгөрсөн оны 9 сард Засгийн газраас ажлын хэсэг байгуулж шалгалт хийсэн. Шалгалтын дүгнэлтэд Хөгжлийн банкны хууль эрх зүйн орчныг боловсронгүй болгох, хяналт шалгалт, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай гэждүгнэсэн байсан. Үүнийг засч сайжруулах, улс төр, төсвөөс хамааралгүйгээр үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх, гаднын амжилттай яваа Хөгжлийн банкны хууль эрх зүйн орчин бий болгох зорилгоор банк санхүүгийн салбарт олон жил ажилласан туршлагатай банкир, УИХ-ын гишүүн Жавхлан болон нэр бүхий 20 шахам гишүүд Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөл маш олон шалгуур, шүүлтүүрийг давж УИХ-аар хэлэлцэгдэж байгааг Та бүхэн мэдэж байгаа байх. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахаар яриа хэлэлцээр хийж байгаа Засгийн газар хэлэлцээрт саад болох тэс хөндлөн хуулийн төслийг дэмжээд УИХ-д өргөн бариулахгүй нь лавтай. УИХ-д өргөн баригдсаны дараа Эдийн засгийн байнгын хороон дээр Ганбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж хуулийн төсөл дээр маш нухацтай ажиллаж, шүүсийг нь дахиад шахаж өгсөн. Ажлын хэсгээс Сангийн яамныханд чиглэл өгч хуулийн төслийг орчуулж, ОУВС-аас саналыг нь авсан. ОУВС-аас хуулийн төсөлд нийт 18 санал ирснийг нь их бага хэмжээгээр бүрэн тусгасан. Хамгийн сүүлд өчигдөр банкны удирдлагууд ОУВС-ийн төлөөлөгчидтэй уулзсан. Тэдний зүгээс манай хуулийн төсөл дээр зарчмын зөрүүтэй санал дахиж өгөөгүй. Уулзалтын үед өгсөн зөвлөмж гэвэл Хөгжлийн банк санхүүгийн үр ашигтай, зээлээ өргөн төлөх боломжтой төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх ёстой шүү гэж байсан.
-Зарим гишүүд хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргаж байсан. Хойшлуулахгүй батлуулах шаардлага байна уу?
-Хууль хойшлогдохгүй батлагдсанаар цаашид ажиллах эрх зүйн орчин маань илүү тодорхой, хяналттай, хариуцлагатай, ил тод, гаднаас эх үүсвэр татах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж нээгдэх юм. Эдийн засгийн энэ хүнд үед бид аливаа асуудлыг хойш тавилгүй цаг хугацаатай уралдаж, шийдвэрлэж байх хэрэгтэй гэж хувь хүний хувьд бодож байна. Асуудлыг хойш тавьж, хариуцлагаас зугтаж, шийдвэр гаргах хурд, зориг зүрхгүй байвал бид өнөөгийн хямралд нөхцөл байдлыг улам даамжруулах эрсдэлтэй.
Хууль шинэчлэн батлагдсанаар “Хөгжлийн банкны эрх зүйн орчин сайжирсан, цаашид шинэ хуулийн дагуу үйл ажиллагаагаа зохистой явуулах боломж бүрдсэн байна.” гэдэг мэдээллийг хөрөнгө оруулагчдад хүргэж, улмаар олон улсын санхүүгийн зах зээлээс шинээр эх үүсвэр татах боломж нэмэгдэнэ.Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих санхүүгийн эх үүсвэрийг татах, шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэх боломжийг бүрдүүлэхэд хуулийн төслийг яаралтай батлах шаардлагатай байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ