Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэвч үнийг нь дийлэхгүй нь

Сар шинийн баярын өмнөхөн “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” гэсэн уриан дор үзэсгэлэн худалдааг олноор нь зохион байгуулж, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд таниулах, ойртуулах арга хэмжээ өргөн хүрээтэй болдог. Худалдан авалт ч нэмэгдэж байна гэж ярьдаг. Гэвч үүнээс ч илүү боломж байгаа гэдгийг яагаад бид ярихгүй байна вэ? Үндэсний үйлдвэрлэл хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан бол борлуулалтын үнэ гэдэгтэй та санал нийлэх үү?
Эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн яагаад импортын бараанаас өндөр үнэтэй байдаг нь сонин. Үүнээс л болж иргэд импортын бараанаас өндөр үнэтэй дотоодын бүтээгдэхүүнийг сонгохоос татгалзаж байна. Ганц жишээ дурьдахад, сар шинийн баяраар үндэснийхээ бүтээгдэхүүнийг авъя гэж хүн бүр л уриалдаг. Гэвч ингэж дуугарахаас цаашгүй байгааг олон хүн хэлнэ. Үндэсний баяраараа үндэсний хувцсаараа гоёх дургүй хэн байх вэ. Ааруул хуруудаараа тавгийн идээ засахыг хүсэхгүй хүн лав үгүй. Харамсалтай нь 500 мянган төгрөгөөр дээл хийлгээд өмсөх, 1 кг нь 10 мянгаас дээш үнэтэй цагаан идээгээр тавгаа засах хүн тийм ч олон байдаггүй. Түүний оронд өдөр тутмын хувцсаснаасаа өнгөлөг, цэвэрхэнийг нь сонгож өмсөх, олон өнгийн цаасан дээлтэй чихрийг арвин харагдахаар нь жижгээс нь 10 хүрэхгүй мянган төгрөгөөр авч тавгаа чимэх нь зардал багатай зөв сонголт болох нь тэр.
Бусад том салбаруудад ч техник технологи нэвтэрч байгаа хэдий ч гаднаас оруулж ирэхийг илүүд үздэг шалтгааныг бодох л хэрэгтэй. Уг нь бид салбар салбарын сэлбэг, хэрэгсэл, эд анги, тоног төхөөрөмж мэдээллийн болон нано технологийн импортыг орлох бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэж чаддаг болж байгаа ч дотоодын зах зээлд төдийлөн нэвтэрч чадахгүй л байна. Энэ нь мөн л үнэ өртөгтэй холбоотой.
Аливаа бизнес ашгийн төлөө зорилготой ч улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдал, хэрэглэгчийн худалдан авах чадварыг харгалзан үзэж бүтээгдэхүүний үнийг уян хатан тогтоох нь зах зээлд байр сууриа олж, борлуултаа нэмэхэд үйлдвэрлэгчдэд чухал ач холбогдолтой баймаар. Товчхондоо санхүүгийн чадварт нь тулгуурлаад масс хамарсан үнийн бодлого хийвэл илүү ашиг олж болно.
Өөрийн бараа бүтээгдэхүүн нь өндөр үнээр иргэдээ дарамталсан энэ жилүүдэд урд зүгийн хямд үнэ бүхий загварлаг Монгол бараа цутган орж ирэхийг хэн ч буруутгах аргагүй юм.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг саяхан баталж, 2021 он хүртэл хэрэгжихээр болсон. Уг хуулиар хүнсний үйлдвэрлэл, хувцас, нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материал болон газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй албан татвар төлөгчийн зөвхөн тухайн салбарын үйл ажиллагааны орлогод ногдох албан татварын 90 хувийн хөнгөлөлт үзүүлэх, өөрөөр хэлбэл татварын хувь хэмжээ 10-аас нэг хувь болж байгаа юм.
Ийнхүү хөнгөлөлтөд хамрагдах болсон дээрх дөрвөн салбарынхан одоогоор үнээ бууруулаагүй л байна. Гадаад улс орнууд баяр ёслолын үеэр бараа бүтээгдэхүүний үнээ 90 хувь хүртэл хямдруулдаг бол манайд эсрэгээрээ улам л үнэ нь өсдөг үзэгдэл жилийн жилд үргэлжилсээр. Тэгэхээр өнөөдөр монголчуудын дийлэнх нь өдрийн хоолны мөнгөнөөсөө хасан байж өндөр үнээр худалдан авалт хийж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үү, импортын бараа бүтээгдэхүүнийг арай хямдаар авч илүү хэд хоног идэх хүнстэй байх уу гэдэг дээр эргэлзэлгүй сонголтоо хийнэ. Ямар сонголт гэдэг нь маш тодорхой.
Уг нь бид орос ах нарын тусламжтайгаар бүх төрлийн үйлдвэртэй, бүгдийг өөрсдөө хийж чаддаг байсан цаг саяхан. Бидэнд одоо ч боломж бий. Бусдын гарыг харалгүй дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн шиг дэмжихийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчид ч бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд гаргаж, хэрэглэгчдэд нийлүүлэхдээ үнийн зөв бодлого барьж чадвал хөгжлийн гарц тун ойр харагдана. Ингэж чадвал урьд хилийг тодорхой хугацаанд хаасан ч бид өлсөж, цангахгүй ард түмэн. Импортын барааны татварыг өндөр тогтоож өөрсдөө бид хөгжих өргөн боломжтой улс орон. Гурил, мах, сүү цагаан идээ, хүнсний бүх төрлийн ногоо, жимс жимсгэнээ бид өөрсдөө тарьж ургуулж, өсгөн үржүүлж чадна. Ноос ноолуур, бөс барааны үйлдвэрлэл ч хөгжиж байна, өмсөж зүүхээр бид дутахгүй. Шинэ техник технологи бүхий л салбарт хөгжиж байна. Үүнийг дагаад дээр хэлсэнчлэн металл, хуванцар бүх зүйлийг манайхан өөрсдөө хийж чаддаг болсон. Чаддаг нь чадахгүйдээ зааж сургаад явбал бид хаа ч газардахгүй хүмүүс гэдгээ үеийн үед харуулж ирсэн. Хамгийн гол нь энэ бүгдийг хийх дэлхийд гайхагдсан монгол хүний агуу ухаан байгаа цагт өөдрөг гэгээн ирээдүй өмнө минь нээлттэй байгааг олж харах л хэрэгтэй байна. Сүүлийн 20 гаруй жил эрхээ хэт мэдэрч, үүргээ дутуу ухамсарлахын хажуугаар бэлэнчлэх сэтгэлгээнээсээ ангижирч чадахгүй байгаа нь бидний том дутагдал болжээ.
Үндсэрхэг, үндэсний үзэлтэй бид гэж дэмий хэлж, бахирч суухын оронд бие сэтгэл, үйлдлээрээ чаддаг бүхнээ үзүүлэх цаг болсныг илтгэн харуулж буй хэлбэр бол импортын бараанд байдгаа барьж,байгаагаа цацсаар өөрсдөдөө хоосон үлдэх дээрээ тулсан энэ л дүр зураг гарцаагүй мөн. Ингээд л бид мөнгөний гадагш чиглэсэн урсгал улам л нэмэгдэж, өдрөөс өдөрт бусдаас хараат болсоор байх уу?
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ