Намрын чуулганы сүүлийн өдөр баталсан хуулиуд

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлав

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн 5.1 дэх хэсэгт “банк нь” гэсний дараа “үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой” гэж, төслийн 8 дугаар зүйлд “экспорт, импортын санхүүжилт хийх” гэсэн 8.1.9 дэх заалт, 19.2 дахь хэсгийн “хувьцаа эзэмшигч” гэсний дараа “нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож,” гэж, 20 дугаар зүйлд “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд гаргасан саналынхаа төлөө Компанийн тухай хуулийн 84.8, 84.9 дэх хэсэг, 85 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээнэ." гэсэн 20.5 дахь хэсэг, 23 дугаар зүйлд “Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах журмыг батлах” гэсэн 23.1.7 дахь заалт тус тус нэмэх, түүнчлэн хуулийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх тухай зүйл төсөлд нэмэх саналуудыг тусгасан байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.3-т заасны дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар төслийн 5, 6, 7, 8, 10, 18, 19, 21, 22, 23, 25, 28 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналын томъёоллууд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан хэмээн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулгадаа дурдсан.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн дээрх саналын томъёоллуудаар санал хураалт явуулан, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Дараа нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24.6-д заасны дагуу нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр Эдийн засгийн байнгын хорооноос бэлтгэсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн төслийн 25.1, 25.2 дахь хэсгийг өөрчлөн найруулж, Хөгжлийн банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам, активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг Монголбанк батлах, Монголбанкны хянан шалгагч Хөгжлийн банкинд хяналт тавих тухай зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 2 дэх зүйлтэй нийцүүлэх шаардлагатай болсон байна.

Дээр дурдсан зөрчлийг арилгах зорилгоор УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3-т заасны дагуу байнгын хорооны гишүүдийн гуравны хоёрын горимоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудтай нийцүүлэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.7 дахь хэсгийг үндэслэн боловсруулжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийг үндэслэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах тухай Байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин, хуулийн төслүүдийг баталлаа.

““Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

Мөн хуралдаанаар Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг “Монголиан Коппер Корпорейшн” ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд Хууль зүйн байнгын хорооноос боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцууллаа. Тэрээр, “Хууль зүйн байнгын хороо 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг “Монголиан Коппер Корпорейшн” ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажпын хэсэг байгуулсан бөгөөд ажпын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Ц.Нямдорж, Л.Энхболд болон холбогдох бусад албан тушаалтан орж ажилласан аж.

Ажлын хэсэг холбогдох хууль тогтоомж, гэрээнүүд, ажлын дэд хэсгийн шалгалтын дүн, материалыг судалж үзээд Монгол Улсын хууль тогтоомжууд зөрчигдсөн хэмээн үзсэн бөгөөд Байнгын хороо энэхүү асуудлыг хэлэлцээд Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет нэгдлийн 49 хувийг худалдан авах ажиллагаа Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчиж, Улсын Их Хурлын бүрэн эрхэд хууль бусаар халдаж хийгдсэн байх тул Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгож тус үйлдвэрүүдийн 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлж, 100 хувь улсын үйлдвэрийн газрын статусаар ажиллуулах ёстой гэж үзжээ.

Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексел зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийх замаар төрийн өмчид авах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн байна.

Дээрх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 31, 02 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа тус тус хэлэлцсэн бөгөөд Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн ““Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн хэмээн Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулгадаа дурдсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриаилэрхийлсэн юм.

Дараа нь ““Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн учир тогтоолын төсөл батлагдлаа.

Эцэст нь Улсын Их Хурлын дарга 2016 оны намрын чуулганыг хааж үг хэлснээр 2016 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ