Иргэн Золбаяр хэлж байгаад “111”-ээс гарчээ

Танилтай, мөнгөтэй байхад Баривчлан саатуулах газрын “хууль” үйлчилдэггүй гэдэг үнэн юм байна. Социализмын үеэс “72” гэх нэрээр алдаршсан, одоо "111" гэгддэг эл байгууллага нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Нарантуул-2” худалдааны төвийн дэргэд оршдогийг ихэнх иргэн мэдэх байх.

Учир нь, манай айл, өрх болгон шахуу асуудалтай болохоор, тэдний хэн нэгэн түүгээр “зочилдог” хэрэг. Худлаа гэвэл тааралдсан нэгнээс дээрх байгууллагыг та сураглаад үзээрэй. Тэр өөрийн эрхгүй “Дэнжийн-1000” руу харна.

Асуудал эндээ ч байгаа юм биш. Энэ чухам, яадаг, яах ёстой газрыг харин та мэдэх үү? Танхайрсан, согтуугаар жолоо мушгисан нөхөд тэнд байдгаас үзвэл хорих юм уу, хүмүүжүүлэх чигийн газар бололтой. Ямар нэг байдлаар эрүүлжүүлэгдсэн нөхдөөс ар гэрийн өргөдөл гомдолтой хүнийг долоогоос гучин хоног баривчилдаг гэх. Согтуугаар жолоо мушгигчдыг ч адил.

Гэхдээ зөвхөн харъяа дүүргийн шүүхийн шийдвэрээр шүү. Шүүхийн шийдвэртэй болохоор шорон маягтай болоод явчихна. Тэнд хүний эрхийн наад захын асуудал байхгүй. Гар утас бариулахгүй, эргэлт тогтмол оруулахгүй зэргээс энэ нь харагдана.

Тийшээ толгойгоо хальт оруулсан бол өнгөрөө гэсэн үг. Хоногоо дуусгаж байж сая нэг юм гарах тухай яригддаг гэлцэнэ. Гэхдээ энэ нь зөвхөн жирийн иргэнд хамаатай. Харин танилтай, мөнгөтэй хүнд “хууль” нь үйлчлэхгүй.

Тэнд орсон нэг найзыгаа эргэж явахдаа ёстой сонин юм үзэж, сонслоо. Энэ бол арав гаруй хоногийн өмнө болсон явдал байгаа юм.

Эргэлтийн хоол идэж суусан гурван нөхөр ярьж байна аа. “Золбаяр ч хоншоортой юм аа. Хэлж байгаад гарлаа шүү. Жолооны асуудалтай хүнд хатуу газар гэсэн худал юм байна. Зургаадугаар сарын 03-нд гарах хүн хэдхэн хоноод гарчихлаа” гэлцэнэ.

Тэрбээр, “Чишш... Хэнд ч хэлж болохгүй. Би гарахдаа л гарна. Аав ирээд хөтлөөд гарахад эд нар яах юм бэ?” гэж ярьж байгаад гарчээ.

Ер нь шүүхээр хамт ороод, адил хоногтой энд ирээд, хэдхэн хоноод алга болчихдог нөхөд цөөнгүй бөгөөд, тэднийг “магадлангаар суллагдсан” гэх үгээр аргалдаг тухай ч ярилцах юм. Тэнд байрлагсдыг/тэдний хэлээр/ гадуур гаргах ёсгүй ч, нууцаар ажиллуулж, нэг хүнийг өдрийн 5000 төгрөгөөр үнэлдэг нь ч гэх. Нэг сайн шалгахад болохгүй юмгүй газар. Багагүй “юм” гарахыг ч үгүйсгэх аргагүй.

М.Онон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ