Нэгдүгээр амаржихын өргөтгөл нээгдлээ

Тус амаржихын удирдлага хэлсэндээ хүрчээ. “Энэ сард багтаан эхчүүдээ авна” хэмээн тэр хэлж байсан юм. “Итгэлцэл-найрсаг харилцаа” уриатай Нэгдүгээр амаржихын өргөтгөл ийнхүү нээгдсэнээр 150 ортой болсон нь ачааллыг илт бууруулах нь мэдээж.

Эмгэгтэй нярай хүлээн авах тасаг нь гэхэд л 50 ортой гэж байгаа. Эднийх хагалгааны вакум өрөөтэй Монголын ганц эмнэлэг гэхэд болно. Өөрөөр хэлбэл, хагалгаанд орсон эмч буцаж биш цаашаа гарна гэсэн үг. Хоёр хаалга нь хоорондоо хоолойгоор холбогджээ.

Энэ нь тус газрыг жинхэнэ утгаар нь энэ зууны эмнэлэг болгожээ. Эмнэлгийн дарга Д.Энхбаярын хэлснээр, хойд зам руу харсан төв хаалгаар амбулаториор үйлчлүүлэгчид орно. Зүүн хаалгаар нь эмэгтэйчүүд, урд буюу хуучин эмнэлгийн үүдээр жирэмсэн эхчүүд, баруун тал руу харснаар нь нярай хүхдэд үйлчлэх юм.

Энэ нь ачаалал бууруулах, эмх замбараатай байлгах, хүнд сурталгүй үйлчлэх, халдвараас сэргийлэх ач холбогдолтой гэнэ. Амбулатори нь нүд, мэдрэл, нөхөн үржихүй, дотор, эмэгтэйчүүд, жирэмсний хяналт, өдрийн эмчилгээний гэсэн олон кабинеттэй юм байна.

Компьютерийн томографийн аппарат л байхгүй гэх. Уг нь нэгдсэн захиалгадаа оруулсан ч хасчихжээ. “Явцын дунд болно биз дээ” хэмээн дарга нь ярилаа. Нярайн эмч, сувилагч, эрчимт эмчилгээний сувилагч дутагдалтайг ч хэлэв.

Гэхдээ, элдэв саад, бэрхшээл тоочмооргүй байгаагаа ч дурдлаа. Ерөнхийдөө тун боломжийн өргөтгөл болсон нь харагдана. Бусад дүүргийн төрөх эхчүүдийг ч тодорхой тоогоор хүлээн авах ажээ. Бусад эмнэлгийн ачааллаас эднийхэн бололцоогоороо хуваалцах нь ийнхүү тодорхой болов.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ