Монголоосоо дүрвэгсдийн урсгал эхэлвэл яах вэ?

“Extended Credit Facility” хөтөлбөр гэж юу вэ
Дэлхийн 189 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУВС нь тусламж үзүүлэх улс орнуудад хөнгөлөлттэй зээлийн гурван хувилбарыг санал болгодог. Энэ нь “Extended Credit Facility” буюу урт хугацаат, “Standby Credit Facility” буюу “Стэнд бай” хөтөлбөр, мөн “Rapid Credit Facility” шуурхай зээлийн хөтөлбөрийг гишүүн орнууддаа олгож ирсэн. Ялангуяа “Extended Credit Facility” нь төлбөрийн тэнцлийн сорилттой тулгарсан улсуудад зориулсан санхүүгийн тусламж аж. Энэ хөтөлбөр нь хугацааны хувьд “Стэнд бай”-аас урт. Монгол Улсын 2007-2008 онд хэрэгжүүлсэн “Стэнд бай” хөтөлбөр нь 12-24 сарыг хамардаг. Харин урт хугацаат зээлийн хөтөлбөр нь голлон 3-4 жил хэрэгждэг. Мөн үүнээс дээш буюу таван жилийн хугацаанд хэрэгжих боломжтой.
Тэр утгаар дунд болоод урт хугацаанд улс орны макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэдэг байна. Цаашлаад бага, дунд орлоготой орнуудын эдийн засгийг төрөлжүүлж, ядуурлыг бууруулан, итгэлийг нэмэгдүүлэхээр зорьдгийг Олон улсын валютын сангийн цахим хуудсанд дурджээ. Тэрчлэн өрийн дарамт, төлбөрийн тэнцлийн хямралд орсон орнуудын төлөөгүй өр, зээлийг харгалзан санхүүжилт олгодог байна. “Extended Credit Facility” хөтөлбөрийг төлбөрийн тэнцлийн хямралд өртсөн орнууд хэрэгжүүлдэг.
Т.Цахилгаан
Монгол ба ОУВС
ОУВС-д “standby credit facility”, “stande arrangement” гэсэн хоёр төрлийн стандбай хөтөлбөр байдаг. “standby arrangement” нь бага дунд орлоготой улсуудад олгох стандарт, энгийн зээлийн хөтөлбөр юм. Харин “standby credit facility” нь бага дунд орлоготой улсуудад олгодог нэн хямдралтай зээл. Манай улсын хувьд бага дунд орлоготой улсуудын тоонд багтдаг учраас “standby arrangement” зээлийн хөтөлбөрийг авах боломж бүрдэж байгаа. Монгол Улс ОУВС-гийн зээлд өмнө нь 1991, 1993, 1997, 2001, 2009 онуудад хамрагдаж байснаас 1993, 1997, 2001 онуудад бага орлоготой доод түвшинд хамрагддаг улсуудад зориулагдсан “extended credit facility” зээлийн төрлөөр 59 мянга 327 ам.доллар авч байсан. Харин 1991, 2009 онуудад одоогийн манай улсын хүсэж байгаа зээлийн төрөл буюу бага дунд орлоготой улсуудад олгодог “standby arrangement” төрлөөр нийт 136 сая 390 мянган ам.долларын зээл авсан байна. Ерөнхийдөө манай улс 1991 оноос хойш ОУВС-гийн зээлд хамрагдаж эхлээд нийтдээ 195.7 сая ам.долларын зээл авсан байгаа юм. Манай улсын хувьд тус сангийн зээлд хамрагдах хугацаа сүүлийн үед мөчлөг хэлбэрт ороод байгааг анзаарахгүй өнгөрөөж болохгүй.
Зээлийн маргааш
Зээлийг хэнээс ямар үнээр авч, эргүүлээд юу төлөх вэ гэдгээ маш сайн бодох ёстой. Өнөөдөр авсан зээлийнхээ хариуд улс орон, тусгаар тогтнол биш гэхэд үнэ цэнтэй бүхнээ өгөөд маргааш бадарчины аяга бариад бусдыг царайчилж суух ирээдүйг бид хүсэхгүй. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсний маргаашгазар, ус, ой, мод, дархлагдсан бүсүүд, стратегийн ордуудыг хувьчлах ажлыг эрчимжүүлж эхэлвэл гайхах асуудал байхгүй талаар зарим хэвлэлүүд дуугарч эхэллээ.. Оюу толгойн 34 хувь, Таван толгойн нүүрсний орд хувьчлагдаж, Хөвсгөл нуур гадаадын мэдэлд очвол гайхах хэрэгүй гэдгийг ч хэлж байна. Түүнээс гадна Халх гол, Өмнийн говь, “барагдашгүй” Баянхонгорын газар нутгууд тэр чигтээ 50, 60, 70, 80, 100 жилийн “түрээсээр” гадныханд очвол гайхах хэрэггүй болж таарах нь.
Хөтөлбөр хэрэгжсний дараа хаана, юу болов
Өрийн дарамтад орсон Болгар улс цахилгаан станцуудаа Герман, Австри, Чехийн компануудад хувьчилснаас хойш цахилгааны үнэ эрс өсч дунджаар 390 еврогийн цалинтай Болгар иргэн зөвхөн цахилгаандаа 120-200 евро төлөх болсон нь сарын орлогын 30-51 хувь болж буй бөгөөд энэ нь 150 еврогийн тэтгэврийн дунджаас давсан үнэ юм. Болгарт 2012 онд цахилгаан, ус зэрэг хүний амьдралын үндсэн хэрэгцээг хангадаг үйлчилгээний компаниудын хувьчлал, үнийн өсөлтийг эсэргүүцсэн олон жагсаал болж зургаан хүн өөрийгөө шатаан амиа егүүтгэсэн гашуун үйл явдал болж өнгөрчээ.
Энэхүү хөтөлбөрийн талаар Оттавагийн их сургуулийн эдийн засгийн профессор Мишель Чосудовский ОУВС-гийн спонсорлосон хөтөлбөрүүдээс болж Югослав аж үйлдвэрийн салбараа сүйрүүлж, “Бүх нийтийн аз жаргал”-ыг алгуурхан үгүй хийсэн. Зээлийн нөхцөлийг эргэн харах тухай зөвшилцөл нь гадаад өрийг нэмэгдүүлж, Югославын валютыг үгүй хийх мандат олгож, югославчуудын амьдралын түвшинд хүчтэй цохилт болсон. ОУВС Югославын эдийн засаг алгуурхан комд орох үед буюу 1980-аад оны турш үе үе эдийн засгийн “гашуун эмчилгээ”-ний тунгаа өгч байсан юм. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн нь 1990 он гэхэд 10 хувь болтлоо унаж, нийгмийн урьдчилан тооцоолж болзошгүй үр дагаварт хүргэсэн” гэж тайлбарласан байдаг.
Түүнчлэн Югослав улс ОУВС-гаас 1980-аад онд олгосон зээлийн ихэнх хувийг энэ өрөө тэглэх, ОУВС-гийн гүйцэтгэхийг шаардсан жор, асуудлыг шийдвэрлэхэд зарцуулсан гэнэ. Сангаас Югославт бүс нутгийн эдийн засгийн тэгш байдлыг зогсоох үүрэг өгсөн нь салан тусгаарлагчдын тоог нэмж, үүний үр дагаварт иргэний дайн дэгдэж, 600 мянган хүн амиа алдаж байжээ.
ОУВС-аас 1989 онд Руанда улсад зээл олгосон. Ингэхдээ Засгийн газар нь фермерийн аж ахуйг дэмжихээ зогсоо гэсэн нөхцөл тавьжээ. Үүний улмаас үндэсний валют нь устаж, хүн амынх нь орлого нь багасч, хуту, тутси омгийнхны дунд иргэний цуст дайн дэгдэхэд хүрсэн. Үүнд 1.5 сая гаруй хүн амиа алдсан гашуун түүх бий.
1980-аад онд нефтийн үнэ эрс унаснаас болж Мексикийн эдийн засаг уналтад орсон. Тухайн үед ОУВС томоохон хувьчлал хийх, төрийн зардлыг танах нөхцөлтэйгөөр зээл олгосон. Улсын зардлын 57 хүртэл хувь нь гадаад өр төлбөрийг төлөхөд зарцуулагдаж байсан байна. Үүний үр дагаварт тус улсаас 45 тэрбум орчим ам.доллар гадагш урсчээ. Ажилгүйдэл эдийн засгийн идэвхтэй хүн амын дунд 40 хувь болж нэмэгдсэн. Тус улсыг НАФТА /Хойд Америкийн чөлөөт худалдааны бүс/-д элсэж, Америкийн корпорациудад асар их хөнгөлөлт олгохыг шаардсан. Үүний дүнд мексик ажилчдын орлого хоромхон хугацаанд багасч, шинэчлэлийн үр дүнд эрдэнэ шишийг гаршуулан анх тариалж эхэлсэн Мексик улс түүнийгээ импортоор авдаг болжээ. Үүнээс үүдэн Мексикийн фермерийн аж ахуйг дэмжих тогтолцоо бүрэн устсан байна.
Түүх харин бидэнд хэрхэн эргэж ирэх бол. Өнөөдрийн нэмсэн татвар бүхэн маргаашийн хямрал, улс орны дотоодын үйлдвэрлэл зогсох, жижиг аж ахуйн нэгжүүд үүдээ барих эхлэлийг тавилаа. Удахгүй эх орноосоо дүрвэгсдийн урсгал эхэлнэ.Түүхийг бид өөрчилж чадна, гэхдээ тэмцвэл. Түүхийг хожим хойчийн өдөр шүүх эрх харин бидэнд үлдэхгүй. Түүх харин өнгөрсөн бүхний алдааг биднээс эрж хожмийн өдөр шүүх болно. Тэр цагт юуг ч эргүүлж засах боломжгүй болсон байна гэдгийг өнөөдөр санаж, сэрэх хэрэгтэй байна.
Т.Цахилгаан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ