ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР: Захууд зургадугаар сард багтаан НӨАТ-ын баримт олгодог болно

Өнөөдөр Татварын ерөнхий газар болон Сангийн яам хамтран НӨАТ-ын буцаан олголтын талаар мэдээлэл өглөө.

ТЕГ-ын дарга Л.Зориг:

-МЭДЭЭЛЛЭЭ БАТАЛГАЖУУЛААГҮЙ ИРГЭДИЙН ДИЙЛЭНХ НЬ ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ИРГЭД БАЙНА-

Өнгөрсөн хугацаанд баримтаа бүртгүүлсэн 620 гаруй мянган иргэнд 35.5 тэрбум төгрөгийг буцаан олгохоор баталгаажсан байна. Үүнээс 484 мянган татвар төлөгч иргэнд 34.4 тэрбум төгрөгийг одоогийн байдлаар олгоод байна. Хувийн мэдээлэл нь бүрэн бус 113 мянган иргэний дийлэнх нь орон нутгийн иргэд байгаа. 85 хувь нь 131313 гэсэн мессеж хүлээн авдаг тусгай дугаарын утсаар анх баримтаа шивж бүрдүүлсэн. Энэ иргэдийн хувийн мэдээлэл бүрэн ирээгүй учраас бага зэргийн хүндрэл тулгарч байна. Бидний зүгээс энэ иргэддээ цагаан сарын өмнө аль болохоор НӨАТ-ын буцаан олголтыг нь өгөхөөр хичээн ажиллаж байгаа. ТЕГ энэ оны нэгдүгээр сард улсын төсөвт 57.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Тус байгууллага өнгөрсөн сард 54.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 104.3 хувиар биелүүлсэн байна. Харин энэ сард 195 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой бөгөөд одоогоор 92 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Татварын орлогын гүйцэтгэл өндөр байгаа нь өнгөрсөн оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгатай салшгүй холбоотой” гэлээ.

Иймээс НӨАТ-ын буцаан олголтоо авч чадаагүй иргэд өөрт хамгийн ойр татварын албанд хандах, татварын албаны 1800-1288 гэсэн тусгай дугаарт хандаж, хувийн мэдээллээ бүрдүүлэх. Мөн 131313 дугаарт хувийн мэдээллээ ирүүлсэн иргэд дахин энэ дугаарт мэдээллээ илгээхийг албаныхан хүслээ.

Мөн гуравдугаар сараас эхлэн баримт олгохгүй байгаа болон кассын машинтай болов ч түүнийг ашигладаггүй, хууль дагаж мөрдөхгүй байгаа хувь хүн, албан байгууллагуудад хатуу шаардлага хүргүүлж,хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх зэрэгарга хэмжээ авна. Баримт хэвлэгч машин өндөр үнэтэй тул зах дээр ажиллаж буй иргэд худалдан авахад хүндрэлтэй байдаг гэдэг. Тиймээс хэвлэгч машиныг зээлээр олгох боломжийг бүрдүүлэхийг ТЕГ-аас хүссэн байна. Энэ хүрээнд 5-6 худалдагч дунд нэг баримт хэвлэгч машинтай болох, машиныг зээлээр олгох боломжийг бүрдүүлэхээр ТЕГ-аас НЗДТГ, НМХГ болон арилжааны банкууд, баримт хэвлэх машин борлуулж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтран төлөвлөгөө боловсруулж байгаа юм. Уг ажлыг энэ оны зургадугаар сард багтаан хийж дуусгах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ