Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газраас мэдээлж байна...

БНМАУ-ЫН ЦАГДАН СЭРГИЙЛЭХ ГАЗАР
(1940-1945 ОН)
БНМАУ нь 1940 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улсын 8 дугаар их хурлаараа Үндсэн хуулиа шинэчлэн найруулж баталсан ба МАХН-ын 10 дугаар их хурлыг давхар хуралдуулж Монгол орны нийгэм, эдийн засаг, соёлы ирээдүйн чиг хандлагыг тодорхойлжээ. Энэ үед Монгол төрийн цагдаагийн байгууллага нь төрийн хууль дүрмийн биелэлтийг хангах, улсын болон хөдөлмөрийн сахилгыг сахиулах, хулгайч дээрэмчин зэрэгтэй тэмцэж, ард иргэдийн амгалан тайван байдлыг тууштай хамгаалах үүргийг биелүүлж байлаа.
БНМАУ-ын Дотоод Явдлын яамны сайдын 1940 оны 02 дугаар сарын 16-ны 141 дүгээр тушаалаар ЦСБ-ын төв, орон нутгийн дарга нарт албан тушаалаар нь зохих “цол”-ыг анх удаа олгож эхэлсэн байна. Үүнээс өмнө шагналын журмаар зарим хүнд олгодог байснаас бус, нийтээр цол олгох журам байгаагүй аж.
Мөн энэ үеэс Цагдан сэргийлэх байгууллагын нийт ажилчдад БНМАУ-ын ДЯЯ-ны сайдын 1940 оны 208 дугаар тушаалыг үндэслэн, УЦСГ-ын даргын 1940.05.25-ны 833 дугаар тушаалаар хууль ёсны “ээлжийн амралт”-ыг жил бүр олгодог болж, ЦСБ-ын бүх ажилчдыг шаардлагатай буу, зэвсгээр хангаж эхэлсэн байна.
1941 онд Цагдан сэргийлэх байгууллагын бүтцэд “Паспортын хэлтэс”-ийг байгуулснаар гадаад дотоодод зорчих иргэдийн орох гарах шилжин суурьших хөдөлгөөнт хяналт тавих үүргийг гүйцэтгэх болжээ.
Улмаар 1941 оны 08 дугаар сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 39 дүгээр тогтоол гарч улсын эдийн засаг, улс төрийн ач холбогдол бүхий газрыг цагдан сэргийлэх байгууллага улсын орон тооны цагдаагаар хамгаалуулахаар болж“Гэрээт харуулын хэлтэс”-ийг татан буулгаж, “Сэргийлэн хамгаалах хэлтэс”-т төвлөрүүлэн нэг удирдлагатай болгож, харуулын 3 суманг дивизон болгосон байна. Үүний зэрэгцээ орон нутагт харуулын обьект нэмэгдүүлж, банк, радио станц, нисэх онгоцны буудал, консулын газрууд, зарим склад агуулах, соёлын төв газрууд, Ерөө, Лүнгийн гүүрүүд, нарийн төмөр зам, зарим үйлдвэрүүд зэрэг чухал газруудад ЦСБ-ын харуултай болгов.
Энэ үед шатах тослох материалд тавих хяналтыг галын байцаагч нарт хариуцуулж, автомашины хөдөлгөөнийг хянах, олон замын уулзварт (Хадаасан, Цагаан-олом, Хараа, Хэнтий, Дорноговь) “авто замын байцаагч” нарыг суулгах болсноор хөдөө орон нутагт Замын цагдаагийн албаны тасаг хэсэг байгуулагдаж эхэлжээ.
Цагдан сэргийлэх байгууллагын алба хаагчид нь Дэлхийн хоёрдугаар дайнд ЗХУ-ын Улаан армид илгээсэн “Хувьсгалт-монгол” танкийн цувааг байгуулахад 55000 төгрөг хуримтлуулж, улаан армийн 25 жилийн ойгоор 1943 онд төлөөлөгчөөр хошууч Я.Наваан монголын бэлэг хүргэх төлөөлөгчдийн хамт явж байжээ.
Тийнхүү улс орны дайны үйл ажиллагааны улмаас Сайд нарын Зөвлөлийн 1942 оны 04 дүгээр сарын 14 дүгээр хурлаар цагдан сэргийлэх байгууллагын 1936 оны дүрмийг шинэчилж, 3 бүлэг 22 зүйлтэй Дотоод Явдлын яамны харьяа “Улсын цагдан сэргийлэх газрын дүрэм” гэгчийг батлан мөрдүүлжээ. Энэхүү дүрэм нь ерөнхий анги, зохион байгуулалт, эрх үүрэг гэсэн гурван бүлгээс бүрдэж, ажлын зарчим журмыг тодорхой хэлтэс болгон, салбар бүр ДЯЯ-ын сайдаар баталсан дүрэмтэй ажиллах болж, ЦСБ-ын зохион байгуулалт нь ДЯЯ-ны сайдад захирагдаж, газрын даргыг Снз-ийн тогтоолоор томилох болон халах журам тогтжээ.
УЦСГ нь гүйцэтгэх, улс төр, уурын тэрэг, паспортын, санхүүгийн, сэргийлэн хамгаалах, ерөнхий хэлтэс гэсэн 7 хэлтэстэй, жагсаал, анги, гүйцэтгэх сургууль, гэрээт сэргийлэх, уурын тэрэгний постын салаа гэсэн албадтай, аймгуудын цагдан сэргийлэх ангиуд, Ардын сайн дурын туслах бригадууд ажиллаж байхаар дүрэмд тодорхойлжээ.
Тус дүрмийн гуравдугаар бүлэгт цагдан сэргийлэхийн эрх үүргийг тодорхойлж, 1-р зүйлд; гүйцэтгэх ажил зохиох тухайанх удаа дүрэмдээ оруулсан байх ба 2-р зүйлд; олон нийтийн хэв журам, амгалан тайван байдлыг зөрчих явдлыг зогсоох, гэмт хэргийг илрүүлэн бүртгэх, баривчлах, нэгжих, торгох эрхтэйг заагаад эдгээр үүргийг хэрэгжүүлэхдээ эрүүгийн ба эрүүгийн байцаан шийтгэх хуулийг баримтлан гүйцэтгэхийг зааж, 4-р зүйлд; мөрдөн байцаалт явуулах эрх үүргийг тодорхойлж, анх удаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үе шатыг зааглаж ЦСБ-ын үүрэг болгон заажээ.
1941 оны 09 дүгээр сард ЦСГ-ын ахлах болон дунд тушаалын жагсаалын ба гүйцэтгэх ажилтанд “Гүйцэтгэх сургууль”-д 2 жилийн хугацаатай суралцсан, цэргийн алба хаасан 18-22 насны хүмүүсийг элсүүлэхээр заасан байна. Дайны жилүүдэд ЦСБ-ын ажилтнууд 12-14 цаг ажиллаж байх журамтай боловч ажлын шаардлагаар түүнээс олон цаг ажиллаж байжээ.
Улмаар цагдан сэргийлэх байгууллага нь хөдөө орон нутагт шинэ тутам байгуулагдсан аймгуудад цагдан сэргийлэхийн салбар анги нэгтгэлүүдийг байгуулсаар байв. Тухайлбал 1942 онд Бөмбөгөр буюу Баянхонгор, Шарангад буюу Дундговь, Жавхлант шарга буюу Сүхбаатар аймгуудад цагдан сэргийлэх ангийг байгуулж тус аймгуудад орших Дотоодыг хамгаалах хэлтэст харьяалуулан ажиллуулж эхэлжээ.Энэ үеийн Улсын цагдан сэргийлэх газрын даргаар Шагдарын Төмөрбат /1940.07.20-1941.04.08/, Данзангийн Лувсандорж /1941-1943 он/ нар ажиллаж байжээ.
БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1944 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 23 дугаар тогтоолоор Дотоод явдлын яамны харьяа Улсын цагдан сэргийлэх байгууллагын ажилтанд хэрэглэх тусгай цолыг тогтоон хэрэглүүлсэн байна. Үүнд:
- Цагдан сэргийлэх хошууч генерал
- Цагдан сэргийлэх хурандаа
- Цагдан сэргийлэх дэд хурандаа
- Цагдан сэргийлэх хошууч
- Цагдан сэргийлэх ахмад
- Цагдан сэргийлэх ахлах дэслэгч
- Цагдан сэргийлэх дэслэгч
- Цагдан сэргийлэх бага дэслэгч
- Цагдан сэргийлэх жагсаалын дарга
10. Цагдан сэргийлэх ахлах түрүүч
11. Цагдан сэргийлэх түрүүч
12. Цагдан сэргийлэх бага түрүүч байхаар тогтоож Цагдан сэргийлэхийн хошууч генерал цолыг БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлөөс олгож байхаар тогтжээ.Энэхүү үйл явдал нь цагдан сэргийлэх байгууллагын алба хаагчид нь цэргийн бусад салбаруудаас ялгарахаар дэвшилтэт үйл хэрэг болсон юм.
ЦАГДААГИЙН ТҮҮХ СУДЛАЛЫН СЕКТОР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ