“Сайд амиа хорложээ” гэх мэдээ энгийн болно

Сайд... Сайхан сонсогдож байгаа биз. Монголчуудаас гаралтай гэдэг нь маргашгүй байх. Амбасын үед л “амбан сайд” буюу “ambassador” хэмээх албан тушаал бий болгосон түүхтэй. Одоогийнхоор Элчин сайд л даа.
Харь улсад эх орноо төлөөлөн суух ховор хувь заяаг ухаан тэгширсэн улс хашдаг нь ойлгомжтой. Тэр хүнээр төлөөлөөд тухайн улсын нэр гарна гэхээр яах аргагүй хариуцлагатай албан тушаал нь мэдээж.
Ямар сайндаа “Онц бөгөөд Бүрэн эрхт” хэмээн тодотгож байхав. Гэхдээ өнөөгийн Монголд хамгийн хариуцлагагүй этгээдүүд очдог албан тушаал болсон гэхэд хилсдэхгүй. Бид энэ талаараа тэргүүлдэг байж ч мэдэх юм.
Учир нь, манай Элчин сайдууд бүгд ижил бизнес хийж шогтдог. Юун эх орноо бодох. Өөрийгөө л бодно гэсэн үг дээ. Бүрэн эрх гэдэгтээ дөрөөлөөд янжуур зөөдөг юм, тэд. Бид ийм жишээ маш олныг мэднэ. Бараг цөмөөрөө ийм наймаагаар цоллуулсан гэхэд болно. Харин тэд хэзээ ч хэрэгт холбогддоггүй. Баригдаж, хоригдсоныг нь би л лав сонсоогүй.
Харин ч албан тушаал ахиад явчихна гээч. Гадаадад өндөр албан тушаал хашдаг нөхөр паакталбал, “Одоо ч амархан дэвших нь ээ” хэмээн прогнозолдог болжээ. Тэгээд ч тэр нь биелэхийг яана. Амбан сайдаар иймэрхүү. Удаах нь Ерөнхий сайд. Бас л хэл амтай даа. Бүгд сайн мэдэх хойно яриад ч яахав. Арай доохнуур нь жирийн сайд юм.
Дотроо дэд, жинхэнэ гэж хоёр ангилдаг ч бараг адил утгатай албан тушаал билээ. Монгол хүн бүр мөрөөддөг гэхэд ч алс тусахгүй. Очиход тийм ч хол биш. Халаасандаа хэдэн төгрөгтэй, хоёр том намын аль нэгийнх нь гишүүн байхад хангалттай. Сайд болохын сайхан нь тэгээд юунд байна вэ гэдэг асуулт зайлшгүй гарна.
Гайхах юм байхгүй. Бүхэл бүтэн яам “атгаад” бөөн мөнгөн дээр буучихдагт л байдаг юм. Сайд болоод “юм” цохиогүй сайн эр Монголд лав байхгүй. Зарим нь зах зухаасаа алдаг оног илэрч л байна. Яваандаа бүр хурцдана. Зарим нь оргоно. Хэсэг нь амиа хорлоно. Үлдсэн нь “цуваагаар”-аа шоронд илгээгдэнэ. Иймэрхүү мэдээлэл тун удахгүй энгийн болно.
Тэд УИХ-ын гишүүний давхар албатай болохоор одоохондоо болоод байна. Бүр амар гэхэд болохгүй гэх газаргүй. Хэн ч халдахгүй юм чинь харснаа л тууна шүү дээ. Ойрмогхноос арай эрүүл гэмээр санаа, оноо гардаг болжээ.
Тэр нь, УИХ-ын гишүүн сайдын алба давхар хашихгүй гэсэн горимын санал. Хуульчлаад хэрэгжүүлчихвэл хэрэг болж магадгүй. Салбартаа сайн нь сайд хийгээд явах жишиг тогтож магад. Эмнэлгийн ажлыг сайн мэддэг, ядаж хэдэн хүн тарьж, хүүхэд эх барьчихсан нэгэн Эрүүл мэндийн сайд болох боломж бүрдэнэ. Одоогийнхоор бол бүтэхгүй. Улаан луйварчид л сайд болно.
Сайнаар яривал сантехникийн инженер, саараар яривал сангийн селесарь Эрүүл мэндийн сайд болоод тууж явахад гайхах ч юм алга хорвоо болж. Сайд болоход учир их байна аа, уг нь.
Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ