ХӨСҮТ-ийн дарга газрын наймаанд холбогдож болзошгүй

Эмнэлгийн байгууллагуудаас эзэмшил газраа бусдад алдсан цөөн газрын нэг нь Халдварт өвчин судлалын үндэсний төв гэж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг тайландаа дурджээ. ХӨСҮТ 13 алба, 39 тасаг, нэгжтэй, энэ онд тус байгууллага улсын төсвөөс 13.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авах юм. Мөн 24.8 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй энэ байгууллагын эзэмшилд есөн га талбай бий.
ХӨСҮТ-ийн хувьд ойрын хугацаанд био аюулгүй ажиллагааны гуравдугаар зэрэглэлийн лаборатори, хүүхдийн 30 ортой сүрьеэгийн эмнэлэг, хүйтэн хэлхээний барилга байгууламжийн өргөтгөл зэргийг даруй шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа.Түүнчлэн сүрьеэ, ДОХ-ын эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурын хангамжинд төрөөс онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгаа талаар тус байгууллагын Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Сүрэнханд танилцуулжээ.
Тэрбээр эзэмшил газрын хувьд ямар нэг ноцтой маргаан байхгүй гэжээ. Гэвч 2011 онд эмнэлгийн ажилчдын орон сууц барих хоёр талын гэрээг “Визард” констракшнтай байгуулж, үндсэн дээр 180-аад айлын есөн давхар гурван барилгыг ХӨСҮТ-ийн эзэмшил газраас талбай гаргаж бариулсан аж. Г.Сүрэнхандын хэлснээр эдргээр орон сууцанд өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн 100-гаад ажилтан төрийн албан хаагчдад олгосон хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр орсон гэж хэлсэн байна.
Гэвч ажилчдын гэх орон сууцны гурван барилга 180 биш 320 айлынх бөгөөд ХӨСҮТ-ийн ажилчдаас ердөө 20-оод айл орсон гэдгийг нягталжээ. Тиймээс энэ газарт албан ёсны шалгалт, аудит хийхээр болсон байна. Мөн Г.Сүрэнхандыг ашиг олох зорилгоор газрын наймаанд оролцсон байж болзошгүй гэж үзжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ