Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газраас...

БНМАУ-ЫН ЦАГДАН СЭРГИЙЛЭХ БАЙГУУЛЛАГА

/1960-1965 ОН/

Монгол төрийн цагдаагийн байгууллага нь МАХН-ын Төв Хорооны зөвшөөрөлтэйгээр 1961 оны 01 дүгээр сарын 26-нд БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 61 дүгээр тушаалаар ардын хувьсгал ба цагдан сэргийлэх байгууллагын 40 жилийн ойг угтаж онц сэргийлэгч, тэргүүний гал сөнөөгчийн 2 дугаар зөвлөгөөнийг 1961 оны 07 дугаар сард хуралдуулахаар зарлаж, түүнд шалгаран оролцох болзлыг батлан, хурандаа С.Рэнцэнхорлоо даргатай комиссыг байгуулж амжилттай зохион байгуулсан ба МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1961 оны 03 дугаар сарын 03-нд “Улсын цагдан сэргийлэх байгууллагын 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” тогтоол гаргаж түүндээ улсын цагдан сэргийлэх байгууллага нь өнгөрсөн 40 жилд өмнөө тавигдсан үүргүүдийг нэр төртэй биелүүлж ирснийг тэмдэглээд, тус байгууллагын 40 жилийг ойг 1961 оны 07 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлэхийг заасан байна.

Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын санаачилгаар 1961 онд Улаанбаатар хотын дотор дэмий сэлгүүцэн нийгмийн тустай хөдөлмөр хийхгүй ууж согтууран олон нийтийн хэв журам зөрчиж явдаг 30 гаруй хүнийг хөдөлмөрөөр хүмүүжүүлэх зорилгоор Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын “Дэвшилт” нэгдэлд аваачиж цагдан сэргийлэх байгууллагын хяналтын дор ажиллуулсан нь сайн үр дүн үзүүлсэн учир энэ туршлагад түшиглэн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор 1961 оны сүүлийн хагасаас эхлэн Ерөөгийн модны үйлдвэрийн дэргэд хөдөлмөр хүмүүжлийн бригадыг байгуулж, зан төрх нь эвдэрч хөдөлмөрөөс хойргошин архи дарс уух зэргээр хэрэг зөрчил гаргадаг хүмүүсийг тэнд явуулан ажиллуулж, хүмүүжүүлж байх журмыг тогтоосон нь социализмын үед хүнийг энэрэн хайрлаж хүмүүжүүлэхийн төлөө ардын төрөөс авч явуулсан арга хэмжээний нэг тод илрэл болжээ.

МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1962 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 212 дугаар тогтоолоор Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын даргыг БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд байхаар тогтоож, Цагдан сэргийлэхийн шуурхай албатай холбогдсон зарим асуудлыг Намын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлд шууд оруулж байх, хэлтсийн дарга орлогчдоос доош тушаалын ажилтныг ажилд томилох, шилжүүлэх, халах ба төсөвт арга хэмжээтэй холбогдсон санхүү аж ахуйн асуудлуудыг Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар биеэ дааж шийдвэрлэдэг болгож эрхийг нь өргөтгөв. Мөн 1962 оны сүүлээр УЦСЕГ-ынхарьяа цагдан сэргийлэх ангиудыг “Хэлтэс” болгон өргөтгөн зохион байгуулсан байна.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1963 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 499 дүгээр тогтоолоор цагдан сэргийлэхийн дүрмийг шинэчлэн батлахын хамт сэргийлэгчдээс эх орныхоо өмнө тангараг өргөдөг журмыг анх удаа тогтоож, уг тангаргийн үгийг батлан гаргажээ. Түүхэн энэ үйл явдалтай холбогдуулан, 1963 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдаас гаргасан 683 дугаар тушаалаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн баталсан цагдан сэргийлэхийн шинэ дүрмийг 1963 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажлын удирдлага болгохыг заахын хамт уул дүрмийг цагдан сэргийлэхийн бүх офицер, сэргийлэгч, гал сөнөөгчдөөр судлуулж заалт нэг бүрийг практик амьдралд хэрэгжүүлэх, нийт бүрэлдэхүүнээр тангараг өргүүлэх ажлыг хот, хөдөөгийн цагдан сэргийлэхийн салбарт нэгэн зэрэг зохион байгуулжээ.

Мөн Улсын хэмжээнд мөрдөн байцаах ажлыг 1962 онд прокурорын байгууллагад төвлөрүүлсэн нь цагдан сэргийлэхийн шуурхай албатай холбоо муутай, хэрэг бүртгэлтээс салгагдсан зэрэг бэрхшээл учруулах болсон бөгөөд энэ нь гэмт хэргийг гүйцэт илрүүлж түргэн шуурхай шийдвэрлэхэд зарим талын саад болж байсныг харгалзанБНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1964 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 511 дүгээр тушаалаар Мөрдөн байцаах газрыг Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын шууд харьяанд 3 хэлтэстэйгээр байгуулсан нь тухайн үед гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулалтын өндөр хэмжээнд гүйцэтгэж байсны нэгэн баталгаа юм.

ЦАГДААГИЙН ТҮҮХ СУДЛАЛЫН СЕКТОР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин