Швейцарийн Прокурорын байгууллагатай хамтран ажиллана


Ерөнхий прокурор Д. Дорлигжав тэргүүтэй Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын төлөөлөгчид Швейцарийн Холбооны Улсад ажлын айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын үеэр Швейцарийн Холбооны Улсын Ерөнхий прокурор Михайл Лаубер, Ерөнхий прокурор Д.Дорлигжавыг 2013 оны зургаадугаар сарын 12-ны өдөр, нийслэл Берн хотноо найрсгаар хүлээн авч уулзан Швейцарийн Ерөнхий прокурорын газрын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна.
Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав хоёр улсын Ерөнхий прокурорын газрын хамтын ажиллагааг өнөөгийн нөхцөлд нийцүүлэн эрчимжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэж, авлига, хар тамхи худалдаалах, үндэстэн дамнасан зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар, олон улсын гэрээ, конвенци, Монгол, Швейцари улсын үндэсний хууль тогтоомжийн хүрээнд идэвхитэй хамтран ажилах санал тавьсныг Ерөнхий прокурор Микайл Лаубер талархан хүлээн авч дэмжиж хамтран ажиллахаа илэрхийжээ. Түүнчлэн энэ чиглэлээр хамтарсан сургалт явуулахаар талууд тохиролцсон байна.
Ерөнхий прокурор Д. Дорлигжав Аарау хотод зочилж, Швейцарийн "Шууд ардчилал төв"-ийн захирал доктор профессор Андреас Ауер, Үндсэн хуулийн шүүхийн гишүүн асан доктор Томас Пфистерер нартай уулзав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар Монгол Улсад хэрэгжүүлж байгаа "Шууд Ардчилал" төслийн удирдагч доктор профессор Андреас Ауер уг төслийн талаар танилцуулав. Орон нутагт өөрөө удирдах ёс, ардчилалыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа энэ төслийг Ерөнхий прокурор ихэд дэмжиж байгаагаа илэрхийлж, Төслийн үйл ажиллагаанд орон нутгийн прокурорууд хуулийн байгууллагын ажилтнуудыг өргөнөөр оролцуулах нь Төслийг амжилттай хэрэгжүүлэх нэг чухал нөхцөл болно гэдгийг онцлон тэмдэглэв.
Швейцарийн Цюрих хотод суугаа Монгол Улсын өргөмжлөлт консул У.Шварценбах Ерөнхий прокурор Д.Дорлигжавыг хүндэтгэн оройн зоог барьж, Монгол Швейцари улсын өнөөгийн хамтын ажиллагаа, хэтийн төлөв, гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны тухай санал солилцон ярилцсан байна.
Уулзалт, ярилцлагад Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад элчин сайд Л.Оргил, Ерөнхий прокурорын туслах, Гадаад харилцаа, эрх зүйн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Ганзориг нар байлцлаа.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ