“Камертон-2” өнөөдөр Сингапурыг зорилоо

Монголын рок попын өнгийг тодорхойлох, шилдэг хөвгүүдийн хамтлагийг төрүүлэх зорилготой “Камертон-2” шоуны ялагчид өнөөдөр Сингапур улсыг зорилоо. Авьяас билэг, хүч чадвараа сорьж өрсөлдөж байснаас дөрөвдүгээр шатанд шилдэг 16 оролцогч тунаж үлдсэн билээ. Тэд шат болгоны хүнд даалгавруудыг өөрсдийн хичээл зүтгэл, авьяас чадвар, тэсвэр тэвчээрээр даван туулсан. Тэгвэл эдгээр шилдэг 16 орлцогчоос 624 дугаартай Б.Замбалгарав, 728 Дугаартай Б.Баярмандах, 729 дугаартай Б.Оргил, 184 дугаартай Д.Зориг нар шилдэгийн шилдэгээр тодорсон юм. Ингээд Монголын рок попын ертөнцөд хувьсал хийж, цоо шинэ өнгө төрхийг авчрах “boy band” төрөн гарсан билээ. Тэд хамгийн өндөр шагналын сан 150 сая төгрөг, таван жилийн продюсерийн гэрээний эзэд болсон. Тус хамтлагийн продюсерээр Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллах бөгөөд зургадугаар сард Сингапур улсад хоёр сар хэлний бэлтгэлд суралцуулах эрхийг өөрийн зүгээс бэлэг болгон өгч байна гэдгээ тухайн үед хэлж байсан. Тэгвэл өнөөдөр амлалтаа биелүүлж, залуус Сингапурыг зорьж буй нь энэ. Тэд Сингапурт анхны цомгийн бичлэгээ хийж эхлэх бөгөөд намраас дуунуудаа цацахаар төлөвлөжээ. “Чанар гэдэг үг бол манай хамтлагийн гол чиг” хэмээсэн залуус чанартай уран бүтээл хийхээр ажиллаж байгаа гэсэн шүү.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ