Наадмын өдрүүдээр бүх замыг нээнэ


Нийслэлийн авто замын газрын мэдээлж буйгаар өнөөдрийн байдлаар “Цайз” зах хүртэлх 2.8 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажил 35 хувийн гүйцэтгэлтэй, замын трасст орсон 121 объект чөлөөлөхөөс үлдсэн 64 объектийг чөлөөлөх шатандаа явж байгаа бөгөөд зам засварын ажлыг “Беринг” ХХК гүйцэтгэж байна. Мөн “Туул Жин Пан”-гийн уулзвараас Хилийн цэргийн удирдах газар хүртэлх 750 м замыг ирэх сарын 5 хүртэл хааж, хучилтын ажлын хийнэ. Түүнчлэн Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон, Чулуун-Овооны тойргоос Ботаникийн цэцэрлэг хүртэлх авто замын хучилтыг долоодугаар сарын 9 хүртэл хийж, замын хөдөлгөөнийг урсгал тус бүрээр хэсэгчлэн хаах юм.
Сэлбийн хойд гүүрний ажлын явц 58 хувьтай, есөн тулгуурын долоог цутгасан. Мөн дам нурууны цутгалт ч дууссан байна. Гэрээний дагуу “Мотор сервис” ХХК ирэх сарын 10-ны өглөө гүүрийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн нээх юм.
Дунд голын гудамжны зүүн хэсэг Гандийн гудамжны төгсгөлөөс Энхтайвны гүүрэн доогуур гараад “Петровис” ШТС хүртэлх 500 м замыг энэ сарын 25-нд нээхээр төлөвлөжээ. Үүнээс гадна хойд зуслан чиглэлийн 14 км автозам засварын ажлын эхлэл болсон Дамбадаржаагийн постоос Хандгайт чиглэлд “ЭСТО” ХХК замын гадаргуугийн боловсруулалт хийж байгаа. Гэхдээ замын хөдөлгөөнийг бүрэн хаахгүй, урсгал тус бүрээр хэсэгчлэн хааж, засварлаж байна. Баяр наадмын өдрүүдээр нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөн хаахгүй, ихэнх замуудын зорчих хэсгийг бүрэн нээхийг нийслэлийн Засаг дарга даалгажээ.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ