Төв аймагт Финландын төлөөлөгч осолд орж амиа алдлаа

Өнгөрсөн амралтын өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Хустайн нуруун замд Геологийн төв лабораторийн “Хьюндай Старекс” машин осолдож, нэг иргэн газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Тодруулбал, машинд сууж явсан таван иргэнээс Финланд улсын 47 настай К газар дээрээ амиа алдаж, гурван иргэн эмнэлэгт хүнд, хөнгөн бэртэлтэйгээр хүргэгдсэн байна. Харин автомашиныг жолоодож явсан жолооч ямар ч бэртэл аваагүй байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар машинд Геологийн төв лабораторийн бүхий л удирдлагууд, Финландын Геологийн албаны ерөнхий захирал томоохон албан тушаалтнууд явж байжээ.

Учир нь Геологийн төв лабораторийнхон дотооддоо ашигт малтмалын баяжуулалт хийх боломжтой болсноо зарлаж, Финланд-Монголын хамтарсан төслийн талаар танилцуулга хийсэн. Энэ үеэр Монгол, Финланд хоёр орны эрдэс баялгийн салбарт хэрхэн хамтран ажиллаж байгаа ололт амжилтын талаар ярилцаж, Финландаас төслийн удирдлага хийгээд олон зочид төлөөлөгчид ирсэн юм.

Төслийн ажил нь дууссан ч Хустайн нурууг үзүүлээд буцах замдаа ийнхүү осолджээ.

Ослын талаар Замын цагдаагийн газрын албаны эх сурвалжаас тодруулахад“Төв аймагт осол гарч, Финланд улсын иргэн амиа алдсан. Ослын дараа задлан шинжилгээ хийдэг ч тус улсаас төлөөлөгчөөр дамжуулж,цогцсыг нь шилжүүлэхээр болсон. Энэхүү хэргийг дипломат эрх ямбынх нь дагуу улсад нь шилжүүлнэ” гэлээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ