“Маркетинг, Боловсрол, Харилцаа Холбоо” сэдэвт сургалт эхэллээ

"Монголын музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх төсөл"-ийгЮНЕСКО/Японы Итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр 2012-2014 оны хооронд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний Комисс ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ССАЖЯ болон холбогдох музей, байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Монголын музейн арга зүй, ажиллагсдын чадавхийг дээшлүүлэх, хот болон хөдөө орон нутгийн бүх музейн харилцаа холбоо, сүлжээг сайжруулахад энэхүү төслийн гол зорилго оршиж байгаа аж.

Уг төслийн хүрээнд "Маркетинг, Боловсрол, Харилцаа Холбоо" сэдэвт II шатны сургалт 2013 оны 6 дугаар сарын 17-21-ний хооронд зохион байгуулагдах бөгөөд сургалтын нээлт өнөөдөр Монголын Үндэсний Музейд болж өнгөрлөө. Дээрх сургалтыг Норвеги улсын Осло хотын “Соёлын түүхийн музей”-н Олон нийттэй харилцах албаны дарга Паал Морк удирдан явуулах бөгөөд музейн үндэсний сургагч багш бэлтгэх зорилго бүхий тус сургалтад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын 20 орчим мэргэжилтэн хамрагдана. Сургалтын гол зорилго олон улсын мэргэжилтнүүдийн заавраар үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэх цаашлаад Үндэсний музейн сургалт арга зүйн төвд ашиглах, Монголын нөхцөлд тохирсон сургалтын хөтөлбөртэй болоход чиглэгдэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ