Компанийн засаглалтай намуудыг яах вэ?

Жижиг буурай орныг мөнгөгүйн гачлан бус эрх ашгийн сүлжилдсэн хэлхээ, томоохон компаниудын далд ноёрхол сүйдэлж байгааг бид анзаарсан ч анзаараагүй юм шиг хорин жил амьдарч байна. Томоохон компаниууд нь эдийн засгийн хүчирхэг тэмтрүүлгээ улстөрчдийн нөлөөлөл дор бий болгож, улс орны эдийн засгийг босгох уу, сөхрүүлэх үү гэдгийг шийдэх хэмжээнд хүртэл нөлөөтэй болж.

Улстөрийн нам нь бизнес томоохон компаниудыг түшиглэн байгуулагдсан бөгөөд улс төрчид нь тухайн компанийн эрх ашгийг хамгаалагч болон тодордог. Ардчилсан гэх үг нь баг төдий бөгөөд сонгууль болоход ямар нэгэн компанийн далд ивээн тэтгэлгээр намууд санхүүжиж, нэр дэвшигчид нь уг компанийн санхүүжилтээр угжуулдаг. Ард түмний тархийг хэн мөнгөтэй нь угааж УИХ-ын гишүүн болдог ч ард түмнийг төлөөлөх эрх түүнд байхгүй. Учир нь мөнгөө төлж, хөгжимөө захиалагсдын эрх ашгийг хамгаалах үүрэг түүний өмнө бий. Том эрх ашиг ярьвал дараагийн санхүүжилт зогсох учир улс орны, ард түмний эрх ашиг гэсэн том үгний цаана өчүүхэн нэг компанийн л эрх ашиг нуугдаж байдаг.

Энэхүү сүлжээ нь улс төрийг улам бүр бохирдуулж, сонгуулиас сонгуулийн хооронд ард түмэн улам тамирдсаар байна. Томоохон компанийн төлөөлөл болсон олны танил улстөрчид сонгууль болонгуут ард түмэн байдаг гэдгийг гэнэт санадаг.

Эрлийн Эрдэнэбат, Буянгийн Жагаа, Бридж Ганхуяг, Монрудын Гарамгайбаатар, Моносын Эрдэнэчимэг, Оргилын Ганбаатар Хурдын Чойжилсүрэн гээд л хөвөрч өгнө. Нэртэй нь тэд. Мөнкамерийн өмнө ард түмэндээ нялуун хайртай болохоос хөшигний цаана “Компанийн эзэн”-ий зааврыгбиелүүлдэг утсан хүүхэлдэйнүүд ч олон бий.

Ийм хүүхэлдэйнүүдээс хэрхэн салах, ангижрах талаар ард түмэн санааширч байна. Салгах ангижруулах баатар эрийг хүсэмжлэн хүлээж байна. Баруун Монголчууд манжийн дарлалд байхдаа Амарсанаа баатар баруун хойноос хөтөлгөө морьтой ирж цэрэг цуглуулан улс орноо харийн дарлагчдаас чөлөөлөх цаг ирнэ хэмээн домоглон ярьдаг байсан шиг. Бичин жил бидэрч, тахиа жилд сэргэх юм гэнэ лээ ч гэх. Алдах юмгүй болсон ард түмэн гэдэг дарьтай торх л гэсэн үг. Тэдэнд өчүүхэн төдий оч л хэрэгтэй. Харин очийг ард түмэн өөрсдөө бус улстөрчид л өгдөг.

Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалт авах талаар 2016 онд УИХ-аар хэлэлцэж, МАН авна хэмээн байр сууриа илэрхийлж, тус газарт олгогдсон лицензүүдийг цуцална хэмээн мэдэгдэж байлаа. Гэтэл 2017 онд тус газарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын эрх ашгийг хамгаалж УИХ-д суугаа Сангийн сайд Чойжоо “Тэр чинь сонгуулийн шоу байсан юм аа” хэмээн цэнхэр дэлгэцээр хээв нэг ярьж л байх. Задарч болно. Гэхдээ арай л хэтрүүлж задраад байгаа дүр төрх улам л тод харагдах боллоо. Төрд гараагүй нь намынхаа удирдах бүтцийн аль ч шатандаа мөнгөний босго тавьж компанийн захирлуудын өгсөх шатыг бэлдэж байхад төрд гарсан нь төрийн албыг үнэлэх замаар компанийн хүмүүсийг липтээр татсаар л. Ер нь хувийн хэвшлийн ажил олгогч эздийг адлах гэж бичсэнгүй, харин ч хамаг мөнгийг нь сааж алах аврах хоёрын дунд хаячихдаг увайгүй улс төрд бүү нүүр өгөөч гэсэндээ ийн өгүүлэв.

О.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ