Очирбат уу, Багабанди уу, Энхбаяр уу

Хуучнаар бидний “выставка” гэж нэрлэж заншсан үзэсгэлэнгийн павилон буюу одоогийн “Сарны титэм”-ийн барилгыг ТӨХ 1997 онд дуудлагаар худалдсан юм. Ингэхдээ “Үзэсгэлэн яармаг” улсын үйлдвэрийн газрын дуудлага худалдаа гэж зарласан байдаг.

Түүнийг дуудлага худалдаагаар “Гурван гол” ХК 603 сая 100 мянган төгрөгөөр авчээ. Гаднах цементэн талбайг хүртэл бусад хөрөнгө хэмээн үнэлж, агуулахын хамт 7750 м.кв газрын хамт тус компанийн өмч болж, удалгүй “Нарны титэм”-тэй өрсөлдөхийн тулд олон түрээсийн лангуу бүхий“Сарны титэм” болсон түүхтэй. Газрын хэмжээг 2003 онд нийслэлийн Засаг дарга М.Энхболд дахин баталгаажуулжээ. Гэтэл арваад жилийн дараа буюу 2006 онд нийслэлийн Засаг даргын 363 тоот захирамжаар агуулахын газрыг нэгэн компанид өгчихжээ. Ингээд нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх дээр маргаан өрнөж, ТӨХ-ны ажилтан Э.Сэлэнгэ дээрх дуудлага худалдаа хууль ёсны дагуу болж, “Гурван гол” ХК өмчлөгч мөн болохыг нотолсноор шүүхээс агуулахын газар тус компанийн эзэмшлийн газар болохыг тогтоосон шийдвэр гарсан байна.

Гэтэл мөнөөх компани Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрийг үл хайхран агуулахын газрыг “Тавин лан”компанид 350 мянган ам.доллараар дамлан заржээ. Үүнийг урьдчилан хуйвалдсан мэт Нийслэлийн газрын албаны мэргэжилтэн А.Энхманлай, Б.Баяраа, Ц.Сундуй гурав яг агуулахын доорх газар 187.95 м.кв талбайг өмнө нь кадастрын зургаас ухаад авсантай адил хасчихсан байгаа юм. Иймээс ТӨХ-ноос уг хасагдсан талбайг “Гурван гол” ХК-ийн эзэмшилд хуучнаар нь бүртгэж өгөхийг хүссэн албан бичиг удаа дараа явуулсан ч тусыг эс олов. Тэгсэн мөртлөө газрын төлбөрийг 7750 м.кв хэмжээгээр тооцож олон жил авсан нь уг газар “Гурван гол” компанийн эзэмшлийнх гэдгийг давхар нотолж байна. Авах хүн бөхийнө гэгчээр “Тавин лан” компани агуулахын газрыг “Гурван гол”-оос худалдаж авах санал тавьсан нь хүний юм гэдгийг хүлээн зөвшөөрсний шинж.

Харамсалтай нь дунд шатны шүүхийн шийдвэр “Тавин лан” компанийн талд гарч, Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын ажилтнууд гүйцэтгэхээс өөр аргагүйд хүрчээ. Тэд үнэн мөнийг ойлгосон ч “зохиц” гэхээс өөр үг хэлж чадсангүй. “Тавин лан”-гийн талд үйлчилсэн шүүхийн шийдвэрт улс төрийн нөлөө орсон бололтой. Яагаад гэвэл энэ газрын наймааны цаана манай экс Ерөнхийлөгч нарын нэг зогсч байгаа гэнэ.

Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ