Маруухан хятадын дотор Монголын аймаг бүтнээрээ багтана

Монголд малчин хятадууд бий болжээ. Сонирхолтой сонсогдож байна уу? Малчин гэхээр мэдээж сонин байлгүй яахав. Тариачин гэсэн бол ч ойлгомжтой л доо. Сэлэнгэ, Дархан, Улаанбаатарт тариа, ногоо тарьж амьдардаг хятад цөөнгүй байсан юм.

Тэднийг луухаан гэдэг байв. Та бүхний сайн мэдэх III-IV хорооллыг дээхнэ “500 айл” гэдэг бөгөөд хятад айл олонтой байсныг санах нэг нь бий биз. Одоогийн “100 айл”, Есдүгээр дэлгүүр, Амгалан, Улаанхуарин бараг тэр чигтээ луухааны гудамж байлаа.

Өвөл, зунгүй хөвөнтэй хүрэмтэй, бөөвийсөн амьтад морь тэргээр ачаа зөөх, модон дамнуургаар ус авах, жорлон ухах, түлээ хөрөөдөх, ногоо тарих, еэвэн хийх зэргээр аж төрдөгсөн. Зарим нь жижиг мухлаг, гуанз ажиллуулж байсан нь одоо ч нүднээ харагдах мэт. Гэр хорооллын хүүхдүүд бид самар, жимс, мөөг түүн луухайнуудад арилждаг нь хэвийн үзэгдэл байсан юм.

Ердөө дөчөөд жилийн өмнөх түүх билээ. Тэдний эхнэрүүд гэж атгасан гарын дайны хөлтэй, явж ядсан хятад хүүхнүүд байсныг тавиас дээш насныхан мэднэ дээ. Зарим нь монгол эхнэртэй ч байсан даа. Тэдний чаддаг хийгээд үндсэн ажил нь ногоо тарих гэдэгтэй хэн ч маргахгүй байх.

Тэд ч үнэнч тарьдаг байж. Хятадын хоол, ногооноос хордлоо, барилаа гэж огт сонсоогүй юм байна. Харин хүний ялгадсаар борддог гэсэн яриа байдагсан. Одоо бодоход үнэн юм билээ. Хүний ялгадас, шувууны сангасаас сайн бордоо тэгэхэд байгаагүй гэж бүр мэргэжлийн хүн ярьсан юм шүү. Тэр олон хятад чухам хаачсан нь мэдэгддэггүй юм.

Дийлэнх нь боржигон болчихсон цохиж явахыг ч үгүйсгэхгүй. Одоо орчин үеийн хятадуудын талаар яръя. Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Говь-Алтай аймгийн өмнө талын буюу хилийн сумдаар монгол айлын хонь, ямааг хятад хүн хариулж явбал бүү гайхаарай. Хэдэн жилийн өмнөөс алдаг оног үзэгдэх болсон эл үзэгдэл өнөөдөр энгийн болжээ.

Ялангуяа Өмнөговийн өмнөд суманд бүр элбэг гэх. Тэд харин яаж орж ирээд байгааг тогтоох хэрэгтэй байх. Тавантолгой, Оюутолгойд ажиллана гэж ирчихээд арай оргочихдог юм биш биз. Говиор явсан сониуч хүмүүсийн харцыг “мялайдаг” энэхүү үзэгдлийг анхааралдаа авахгүй аваас горьгүй юм болж мэднэ шүү. Хятадууд аажим аажмаар наашилсаар байна уу даа.

Говийн малчид гэнэн хийгээд цайлган тул тэднийг хардахаасаа илүү өрөвдөөд малаа хариулгадаг байж мэднэ. Маруухан хятадын дотор Монголын нэг аймаг бүтнээрээ багтана гэдгийг мартаж харин болохгүй.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ