Жилд 3000 гаруй хүн Засгийн тэтгэлгээр гадаадад суралцдаг

БШУЯ-наас Монгол Улсын иргэдийг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу болон Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургууль, коллежид суралцуулах ажлыг зохион байгуулж байна.

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу жил бүр 16 оронд оюутан, магистрант, докторант суралцуулдаг. Энэ дагуу өнгөрсөн онд 3000 гаруй иргэн гадаадад тухайн Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна.

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу бакалаврын түвшинд суралцах оюутныг “Гадаадад суралцуулах оюутныг сонгон шалгаруулах журам”, магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг "Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам" /II хавсралт/-ын дагуу шалгаруулдаг.

Засгийн газрын тэтгэлэгтэй суралцуулах орон, мэргэжлийн чиглэл, хүний тоо, шалгалтын хуваарь, сонгон шалгаруулах нөхцлийг шалгалт эхлэхээс өмнө яамны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлдэг юм байна. Сонгон шалгаруулалтын зардлыг шалгуулагчид хариуцдаг ажээ.

Харин Хятад, Чех улсад суралцах хүмүүсийн шалгалтыг Элчин сайдын яамд нь бие даан зохион байгуулж байна. Бусад оронд суралцах хүмүүсийн сонгон шалгаруулалтыг БШУЯ тухайн орны Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг. Энэ шалгалтад тэнцэж, гадаадад сурах болсон хүн сургалтын болон амьжиргааны тэтгэлэг авах бөгөөд замын зардлыг өөрөө хариуцна.

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2011-2012 оны хичээлийн жилд ОХУ-д 275, БНХАУ-д 315 (үүний 220 нь ӨМӨЗО-д), Туркт 90, Энэтхэгт 30, Польшид 22, Вьетнамд 18, Лаост найм, Чехэд зургаа, Унгарт дөрөв, Казахстанд дөрөв, Румынд гурав, Украйнд гурав, Болгарт хоёр, Куба, БНАСАУ-д бүр хоёр хүн эдгээр орны Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна. Харин 2011-2012 оны хичээлийн жилд Сургалтын төрийн сангийн зээлээр 117 хүн гадаадын их дээд сургуульд элсэн суралцжээ.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ