Оюутан залуучуудыг цагийн ажилд зуучилж эхэллээ

“Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд “Цагийн ажил” төслийг хэрэгжүүлэх санамж бичигт Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, МЗХ-ны ерөнхийлөгчА.Мөнхбат нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд цагийнажил хийж, орлогоо нэмэгдүүлэх сонирхолтой оюутан, залуучуудад аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн захиалгын дагуу ажлын байраар хангах боломж бүрдүүлэх юм. Мөн тэднийг Монгол Улсын шинэ бүтээн байгуулалтад татан оролцуулж, зуны амралтаар нь түр ажлын байраар хангах, улмаар ажил хөдөлмөрийн дадал олгоход чиглэж байна.

“Цагийн ажил” төслийн хүрээнд тус бүр 15 оюутны бүрэлдэхүүнтэй 28 баг хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй байгаа төмөр зам, барилга, автозам, хөдөө аж ахуй салбарт ажиллана. Мөн 21 аймгийн нэг сумыг сонгож өвөлжөө барих, багш, эмч, бизнесийн чиглэлийн дөрвөн оюутнаас бүрдсэн баг сум тус бүрт ажиллах юм.Түүнчлэн цагийн ажил хийж буй оюутнуудын хөдөлмөрийн хөлсийг ч мөн тооцжээ. Тухайлбал, төмөр зам, барилга, автозам, хөдөө аж ахуйд ажиллах оюутнуудын цалин 500 мянган төгрөгөөс доошгүй байх бол суманд ажиллах оюутнуудын цалин 200мянга, харин өвөлжөө барих оюутнуудын цалин 500 мянган төгрөг байх ажээ.

“Зуны амралтын хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломж олгож, улс орны болон нийгмийнхээ хөгжил, боловсролын салбарт өөрийн оролцоог нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хөдөө суманд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ үзүүлэх уг төсөл амжилттай хэрэгжиж, цаашид ч улам боловсронгуй болж үргэлжилнэ” гэдгийг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав онцолж байна. Оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, зуны амралтаараа цагийн ажил хийх боломж олгож буй угтөсөлд 600 сая гаруй төгрөг зарцуулах юм.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ