Д.Ариунболд:Хүний хөгжил сангийн 200 сая ам.долларын өрийг барагдуулна

“Эрдэнэс тавантолгой” ХК-ны гүйцэтгэх захирал Д.Ариунболдтой ярилцлаа. -Сая “Чалко”-гийн өрийг бүрэн барагдуулж дууслаа. Одоо өөр өр төлбөр бий юу? - Монгол Улсын Засгийн газар 2011 онд зээл авснаас хойш зургаан жилийн дараа 350 сая ам.долларын зээлийг нүүрсээр төлж барагдууллаа. Баруун цанхиас энэ жил үүнээс 6 сая тн нүүрсийг авахаар төлөвлөсөн байгаа. Зүүн цанхи бол Чалкотой холбоотой. Энэ уурхайгаас өрөө тэглэнэ гэсэн гэрээтэй байсны дагуу сая Засгийн газрын зөв менежмент, зөв шийдвэрийн үр дүнд бүрэн дарагдсан. Тус компанийн зүгээс “Өр бүрэн дарагдсан” гэсэн бичиг авсан. Одоо манай хоёр үнэ тохирох асуудлыг ярилцаж байна. Үнийн асуудал гэрээний дагуу явагдана. Хэд хэдэн нөхцлөөр гэрээн заасан байгаа. Үүгээр зах зээлийн үнэд ойртуулаач гэсэн шаардлага тавьсан. Энэ асуудлаас болж сарын эхээр 5 хоног зүүн цанхийн уурхайг зогсоосон. Тэгээд ямар ч байсан хоёр талаасаа тохиролцоод ямар ч байсан нэгдүгээр улиралд хэрэглэж байсан үнээрээ одоо явуулж байна. Одоо үнэ өртөг гайгүй байгаа дээр жаахан ч гэсэн явуулах нь чухал юм. Ирэх долоо хоногт энэ асуудлаар Засгийн газраас нэлээн том хэлэлцүүлэг хийх гэж байгаа. Хэлэлцээрийн үр дүн гарах байх. -Өөр өр төлбөр байгаа юу? -Хүний хөгжил сангийн 200 сая ам.долларын өр бий. Тэр өр маань хүүтэйгээ 230 саяд хүрэх байх. Одоо бол гадаад өр гэж байхгүй, дотоод өр нь дээрх өр юм. Ойрын хугацаанд янз бүрийн хэлбэрээр барагдуулчихдаг юм билүү гэсэн бодол байгаа. Уурхайн ажил гайгүй яваад зах зээлийн үнэ боломжийн байвал барагдуулчих бүрэн боломж бий. Гэхдээ энэ мөнгийг манай компани аваад идчихсэн юм биш шүү дээ. Тухайн үед хүүхдийн мөнгө хэлбэрээр тараагдсаныг хүн бүр мэдэж байгаа байх. -Хоёр тал ярилцаад зах зээлийн үнэд ойртуулах талаар ярилцсан гэлээ. Ер нь нүүрсний үнийг хэдэд хүргэх тооцоо, боломж байгаа бол. Судалж үзсэн үү? -Чалко-тай манайх одоо хэлэлцлийн шатанд явж байна. Ер нь тэд хүрнэ, эд хүрнэ гэсэн тооцоолол судалгааг хийгээгүй. Ер нь бид болж л өгвөл зах зээлийн үнэд ойртуулахыг хичээнэ. Урт хугацааны, богино хугацааны гэрээний үнэ өртөг өөр гардаг юм. -Өмнөх Засгийн газарт Чалкогийн өрийг барагдуулах боломж байсан уу. Яагаад ингэж олон жил удааширч өр зээлтэй явсан юм бэ. Зээлийн хүү, алдагдал гэж хэчнээн төгрөг төлөх вэ? -Анх зээл авахдаа өрийг 1-2 жилийн дотор төлчихнө гэсэн тооцоо гаргасан. Гэвч тэр үед нүүрсний үнэ огцом буурч, хоёрдугаарт менежментийн асуудал бий. Уг нь 74 хүрч байсан үнэ 32 доллар хүртлээ буурсан юм. Тухайн үед яагаад ингэж буурсан шалтгааныг олохоор судалж байна. Уг нь тухайн үед үнийхээ нөхцлүүдийг зөв барьж байсан бол хоёр жилийн хугацаанд төлөх боломж байсан. Өрийн алдагдлыг судалж тооцоог нь гаргаж байгаа. Зохих түвшинд алдагдал тооцоог гаргаж Засгийн газарт танилцуулна. Буруу зөв эсэхийг шалгах байгууллага нь шалгаад явчих байх. -Өр тэглэгдлээ. Одоо 1072 хувьцааг “амилах” нь гэсэн итгэл найдвар иргэдийн дунд төрсөн байгаа. Тэгэхээр цаашид гаргах шийдвэр, бодит үр дүн юу харагдаж байна вэ? -Ер нь бол компани Монголын 3 сая иргэний хувьцааг эзэмшдэг компани. Зөв менежменттэй ажиллаж, өр ширгүй, ашиг орлоготой болж ирвэл ард түмэн бүгд хувьцааны хэлбэрээр хувь хүртэх ёстой. Хувьцааны хувь хүртээнэ гэдгийг үе үеийн Засгийн газар амлаж ирсэн. Одооны Засгийн газар ч “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг амь оруулна гэж мөрийн хөтөлбөртөө заасан байгаа. Энэ ажлыг болж өгвөл ойрын хугацаанд хийнэ. Гэхдээ наана нь нийт хувьцаа эзэмшигчийн тоо бүртгэлийг нарийвчлан гаргах шаардлагатай. -Хил, гааль дээр төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу байдгаас болж жолооч нар гарч чадахгүй их хүлээлт үүсгэдэг гэсэн мэдээлэл байгаа юм? -Сая Сангийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан. Гашуунсухайт авто замын асуудал дээр бүх холбогдох газрын дарга нар хуралдсан. Хилийн нэвтрүүлэлтийг сайжруулахын тулд хил гаалын ажилтнуудын хүчийг нэмэх, тоног төхөөрөмжийг хурдыг сайжруулж, шинэчлэх зэрэг асуудлыг ярилцсан. Мөн хилээр шалган нэвтрүүлэх боомтынхоо тоог нэмэгдүүлэх зэрэг ажлыг ярилцаж хийхээр болсон. Мөн удахгүй үр дүнг нь харна. Түүнээс гадна Гашуунсухайт боомт тог байхгүй, Хятадаас тогоо авдаг, мөн интернетийн хурд гэж байхгүй зэрэг асуудал бий. Үүнийг шат шатанд нь шийдвэрлээд явах ажлыг эхлүүлсэн байгаа. -Уурхайн нөөц хэр судлагдсан бэ.Энэ жил хэдэн сая тонныг экспортлох төлөвлөгөөтөй байна? -Техник эдийн засгийн үндэслэлээр бол жилдээ 30 сая тн нүүрс экспортлох төлөвлөгөөтөй. Өнгөрсөн жил хамгийн дээд тал нь 7,6 сая экспортолсон. Энэ жил 11,5 сая тонныг экспортлох төлөвлөгөөтөй ажиллаж байна. Жилд 10 саяыг экспортоллоо гэж бодоход 900 гаруй сая тонн нүүрстэй гэж үздэг юм. Зөвхөн кокжсон нүүрс шүүдээ. Энэ 900 саяыг жилдээ 10-т хуваахад 90 жилийн нөөцтэй гэж үзэж байгаа. Гэтэл гадуур нүүрсний орд дууслаа гэсэн худлаа мэдээлэл цацагдаад байгаа. Зөвхөн Зүүн Цанхийн орд 90 жил олборлогдоно гэсэн үг юм. Жилдээ 10 саян тонныг экспортлоод явах боломжтой юм. -Гэхдээ 10 сая тонн-оос илүү ихийг экспортлох боломжтой гэж ярьж байгаа хэрнээ дэд бүтэц муутай байхад хэр сайн ажиллана гэж үзэх вэ? -30 саяыг экспортлохын тулд дэд бүтцээ сайжруулах хэрэгтэй. Төмөр замаа тавих хэрэгтэй. Тэгж байж бид илүү ахиу ажиллах боломж бүрдэнэ. Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлд баригдах шинэ төмөр зам төслийн гүйцэтгэгч “Монголын төмөр зам” ХК-тай хамтран ачиж буулгах хэсгийн терминалын зураг төсөл болон авто замын трассыг уялдуулах талаар ажиллаж байгаа. -Нүүрс баяжуулах үйлдвэр барихад хэдий хэмжээний хөрөнгө гарах вэ. Түүнийг хаанаас санхүүжүүлэх вэ? -Хоёр сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр байгуулахаар болж ТЭЗҮ-г батлуулсан ч усны асуудлыг шийдээгүй тул удсан. Одоо барих үйлдвэр 548 сая долларын өртөгт багтаан таван сая тн нүүрс баяжуулахаар үйлдвэр барихаар тооцож шинэ ТЭЗҮ боловсруулсан байгаа. О.Сайхан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ