Нөхрийнхөө нууцыг мэдчихлээ, яах вэ

Манай сайт "Сэтгэлзүйч зөвлөж байна" нэртэй шинэ булан ажиллуулж эхэллээ.

Уншигч та ямар нэг шалтгаанаар сэтгэлзүйчд хандах шаардлага тулгарч байвал манай сайтын info @bataar.mn мэйл рүү захидал бичих буюу bataarmn @yahoo.com мессенжер хаягаар хандаарай.

Бид та бүхний захидлыг манай сайттай хамтран ажиллаж буй мэргэжлийн сэтгэлзүйчд дамжуулан хариултыг нийтлэх болно.

Сайн байна уу, би хоёр хүүхэдтэй, жирийн нэгэн эмэгтэй. Миний нөхөр Солонгост сурахаар яваад жил гаруй болж байна. Ирэх намар сургуулиа төгсөөд ирнэ. Миний сэтгэл маш их шаналж байна. Яагаад гэвэл би ханийгаа намайг хуурсан гэдгийг нь баримтаар мэдээд удаагүй байна.

Сарын өмнө нэг найз руу нь мөнгө шилжүүлэх гээд, тэмдэглэж авсан цаасаа алга болгочихоод мессенжерийнхээ архиваас эргэж харсан юм. Гэтэл миний архивт хадгалагдаж үлдээгүй болохоор нь нөхрийнхөө хаягаар ороод архиваас нь харах гэтэл нууц үгээ сольчихсон байсан.

Бид хоёрт бие биедээ нуух юм байдаггүй учраас сонин санагдаад, мөн нууц үгээ сольсон тухайгаа ойрд дурсаагүй гэж гайхаад yahoo руу пассвордоо мартсан гэж хүсэлт илгээгээд яаж ийгээд нэвтэрчихсэн юм. Гэтэл нөхөр маань Солонгост байдаг нэг найздаа “эртээрийн хүүхнээ аваад залчихсан шүү, тэрнээс хойш хоёр гурван ч өдөр хамт хоносон” гэх мэтээр маш их юм харилцан бичилцсэн байхыг уншаад өөрийн эрхгүй цурхиртлаа уйлсан.

Би яах вэ, нөхөр маань урьд өмнө нэг ч удаа намайг хуурч байгаагүй, нэгнээ хардаж муудалцаж ч үзээгүй болохоор би түүнд нууцыг нь мэдсэн тухайгаа ч хэлээгүй, би одоо цаашид яавал дээр вэ? Надад зөвлөөч. Сална гэж айлгах уу, үнэнээсээ салах уу, тэр надад юу гэх бол гэхээс энэ талаар ярихаасаа ч айж байна.

Сэтгэлзүйч хариулж байна: Ханийхаа мессенжерийг нууцаар унших нь буруу

Сайн байна уу эрхэм бүсгүй минь. Та энэ асуудал дээр тэвчээртэй хүлээх шаардлагатай болох нь ээ. Та ханийнхаа мессенжер архивийг нууцаар уншсан нь тийм ч таатай биш асуудал юм. Өөрөөр хэлбэл, энэ нь та хоёрын цаашид бие биендээ итгэх итгэлцэлд сөргөөр нөлөөлж болох талтай. Гэтэл та хоёрын өмнө сайхан амьдрал, бас хоёр хөөрхөн хүүхэд байгаа.

Гэр бүл болно гэдэг нь бүх нууц нээлттэй байна гэсэн үг биш юм. Үүнийг зөвөөр ойлгоорой. Энэ бүхнээр таныг буруутгах гэсэн зүйл биш гэдгийг эрхэмсэг хатагтай таныг ойлгоно гэдэгт итгэлтэй байна. Сэтгэл зүйн зөвлөгөөг өгөхөөс өмнө нэг зүйлийг сануулах нь зүйтэй байхаа. Учир нь нэг удаагийн захидлаар харилцах нь таны тулгамдсан асуудлыг бүрэн төгс шийдэхгүй гэдгийг санах хэрэгтэй. Таны тулгамдсан асуудал нь их цаг хугацаа, мөн тэвчээр, өөртөө итгэх итгэл маш чухал бөгөөд, энэ нь асуудлыг хурдан шийдэхэд туслана.

Гэр бүл хайр итгэлцэл дээр тогтдог. Та хэдийгээр маш их гомдож байгаа ч, эмэгтэй хүний уян хатан чанараа ашиглан юу ч мэдээгүй юм шиг тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Учир нь эмэгтэй та түрүүлж асуудлыг хэлвэл, нөхөр чинь сөрөг хамгаалтад орж, улмаар хэн хэнийгээ залхааж дургүйг нь хүргэх магадлал өндөр байдаг.

Жишээ нь, магадгүй та энэ асуудлыг хэлснээр байнга утсаар хэрүүл хийх, эсвэл үргэлж битгий тэгээсэй гэх мэтээр гуйх шаардлагатай болдог тул энэ нь залхаах хэлбэрт очно. Хүүхэд тоглоом бишээ. Та хоёр гэр бүл болоод хоёр хөөрхөн хүүхдээрээ аав ээж гэсэн нэрийг дуудуулах азтай хүмүүс гэдгээ ухаарч энэ амьдралыг өөр сайхан өнцгөөр төсөөлөх гээд оролдоод үзэх хэрэгтэй.

Удахгүй намар болно. Хэдхэн сар үлдлээ. Ирэхийг нь хүлээ. Тэр үед үнэхээр үнэн үү худал уу гэдэг нь танд ямар нэгэн үйл хөдлөл болон зан аашаар танигдаж таарна. Магадгүй таны тэвчээртэй хүлээсний шагналд нөхөр тань гэмтэй бол гэмээ ухаарахыг үгүйсгэхгүй. Тэвчээр бүхнийг ялах нь бий. Энэ тохиолдолд чин сэтгэлээсээ уучлал гуйх ч юм билүү. Эсвэл, нөгөө талаараа үйлдлээ нуун дарагдуулж, байнга худал ярих, танд хандах анхаарал халамж буурсан байвал, сэтгэлзүйчээс нарийн биечилсэн зөвлөгөө аваарай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ