Д.Батхуяг нарын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ

АМГ-ын дарга асан Д.Батхуяг нар хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргаад байгаа юм. Уг гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ.

Баянгол дүүргийн шүүхээс өнгөрсөн нэгдүгээр сард Д.Батхуягийг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанд ажиллах эрхийг гурванжилээр хасч, таван сая төгрөгний эд хөрөнгө хурааж, зургаан жил зургаан сар хорих ял оногдуулж,ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Л.Даваацогтыг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасч, гурван сая төгрөгний эд хөрөнгө хурааж, зургаан жил хорих ял оногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарыг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар тус бүр гурван сая төгрөгний эд хөрөнгө хурааж, таван жил нэг сар хорих ял оногдуулж,ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус тогтоосон юм. Харин давж заалдах шатны шүүхээс Д.Батхуягийн ялыг дөрвөн жил болон хөнгөрүүлсэн билээ.

Д.Батхуяг, Л.Даваацогт нар нь бүлэглэн 2009, 2010 онуудад албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зерчин, сонгон шалгаруулалтаар олгох ёстой нийт 108 ширхэг тусгай зөвшөөрлүүдийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр олгож, төрийн байгууллагын /АМГазар/хуулиар хамгаалагдсан эрх ашигт хүнд хор уршиг учруулсан, мөн шүүгдэгч С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нартай бүлэглэн "Саусгоби сэндс" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын дөрвөн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар цуцлах тухай дүгнэлт гарсан байхад цуцлах үүргээ хэрэгжүүлэлгүй, тус компанийн ашиг сонирхлын үүднээс үүссэн нөхцөл байдлыг ашиглан хясан боогдуулах замаар тусгай зөвшөөрлийг сэргээж, С.Жаргалсайханд, "Зэлэм" ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн юм.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ