Охид жирэмслэхээс сэргийлэх олон арга бий

Сүүлийн үед 13-15 настай охид жирэмсэлдэг болжээ. Зарим нь бүр эх болсоор... Бага насны охид жирэмслэх нь бидэнд ч биш баруунд ч тохиолддог бэрхшээл юм байна.

Америкууд аргаа барахдаа жирэмслэхээс сэргийлдэг эмийг охидод ямар нэг болзолгүйгээр борлуулахыг хуульчилж орхилоо. Бэлгийн харьцаанд орсны дараа 72 цагийн дотор амжиж уувал 100 хувийн үр дүнтэй гэх эмүүд манайд ч бий. “Постинор”-оос өгсүүлээд л байна. Өрхийн болон сумын эмнэлгээр дамжуулаад эмэгтэйчүүдэд үнэгүй олгох энэ эмийг эмийн санд үнэ хүргэж зардаг болсон нь эзэндээ хүрдэггүй байж мэднэ.

Энэ талын мэдлэгээр манайхан маруухан нь ч нөлөөлдөг байх. Бүхнийг бизнесийн нүдээр хардаг харалган бодлого яав ч сайн юм авчирдаггүйн нэг жишээ мөн. Эл эмийг охид байтугай насанд хүрсэн эмэгтэйчүүдийн зарим нь мэдэхгүй гэхэд хилсдэхгүй. Эмэгтэй хүн бүрийн цүнхэнд ямагт явах ёстой эмийн нэг гэчихвэл хэтрэхгүй болов уу. Жирэмслэлтээс охидоо сэргийлэх олон арга байна даа, уг нь. Тэр бүхнийг эмэгтэйчүүдийн эмчээс асуугаарай.

Хамгийн найдвартай аргуудын нэг нь бэлгэвч гэж байгаа. Зөвхөн жирэмслэхээс ч биш бэлгийн замын болон ХДХВ/ДОХ-ын халдвараас ч сэргийлдэг эд. Охид хэрэглэж дадтал бас хугацаа бий. Охид байтугай насанд хүрэгчид ч хэрэглэж сураагүй өнөөг хүрэв. Яагаад гэхээр манай боловсролын тогтолцоотой холбоотой юм. Хүүхдүүдэд багаас нь эрүүл мэндийн боловсрол олгохдоо дулимаг. Аав, ээж болох талын асуудлыг нь орхигдуулдаг. Аягүй бол багш нар нь ч өөрсдөө мэдэхгүй тууж явахыг үгүйсгэхгүй.

Дунд ангийн сурагчдад энэ талын мэдлэг, боловсрол олгодог сургууль, багш байдагт би л лав итгэхгүй байна. Тэгэхээр бага насны охид жирэмслэхгүй яахав. Өнгөрсөн жил 15 хүртэл насны хэд хэдэн охин жирэмсэлснээс хоёр нь лав эх болов. Бусдынх нь ургийг хөндсөн гэхээр аймшигтай биш үү?. Анхны жирэмслэлт, тэр дундаа бага насны охидынхыг таслах нь бие махбодод төдийгүй, ирээдүйд эх болоход нь онц аюултайг мэргэжилтнүүд ярьдаг юм.

Ингэснээс болоод насан туршдаа үрийн зулай үнэрлээгүй эмэгтэй олон. Эдгээр эрсдлийг хэрхэн даван туулах нь эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн хэрэг ч биш. Төрийн бодлогын түвшинд яригдана гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Эм, бэлгэвчээс ч өөр олон арга бийг охиддоо заах, зөвлөх цаг иржээ. Эмчээс асууж байхад гэмгүй. Гэхдээ эдгээр эмийг зөвхөн онцгой үед, охин чинь жирэмслэх магадлалтай тохиолдолд хэрэглэдэг юм шүү. Насанд хүрсэн эмэгтэйчүүдэд сард нэг л хэрэглэх ёстой гэдэг юм билээ

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ