Гурван Баярцогтын тавилан

Аналитик сэтгүүл зүйн цуврал...

Нэр нэгтэй ч хорвоогийн гурван өөр замналаар амьдарч яваа гурван өөр нэгний тухай www.bataar.mn сайт цувралаар хүргэх болно.

Жихүүн салхитай хүйтэн өглөө гэрээсээ ажилруугаа явах замдаа сэтгэл эмтрэм дүр зурагтай таарлаа. Тэр бол зэврүүн өглөөний хүйтэнд жижигхээн түүдэг гал асаан хоол хийж буй өвөөгийн төрх. Тэр өвөөг хараад зүрх минь эмзэглэлээ. Гэсэн ч миний зүгээс юу хийж чадах билээ. Гэтэл Баярцогтоо, наад хоол чинь болох нь уу гэсэн дуу өөрийн эрхгүй эргэн харахад хүргэв. Мөн л хог түүдэг бололтой өвөө түүнийг бараадан сууж харагдлаа. Яагаад ч юм, Баярцогтоо гэх нэр надад өөрийн эрхгүй нэгийг бодогдуулав.

Тиймээс сэтгүүлч миний бие Баярцогтын гурван өөр тавиланг уншигч та бүхэнд хүргэмээр санагдав. Нэр нэгтэй ч өөр өөрийн амьдрал, хувь тавилангаар амьдарч буй гурван Баярцогтын талаар танилцуулж байна.

УИХ-ын гишүүн С.Баярцогт. 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1989 онд Москва хотын Улсын их сургууль, 1996 онд ХБНГУ-ын Гадаад худалдааны академи, 2003 онд Монгол Улсын Их Сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, багш, хуульч, эрх зүйч мэргэжил эзэмшсэн С.Баярцогт Хувьсгалт Залуучуудын Эвлэлд алба хашиж эхэлсэн цагаасаа улстөрд тэмүүлсэн байна. 1990-1992 онд АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, 1991 оноос МЗХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад Ардчилсан нам парламентад олонхи болсон 1996-2000 онд УИХ-д тухалсан юм.

1996-1999 онд Монголын Социал Демократ намын дэд дарга, 1998 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд, 2000-2004 онд “Товхонхан” ХХК-ийн зөвлөх, 2002 онд Олон Улсын валютын санд шинжээч, 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар тус тус ажиллаж байсан.

С.Баярцогт өнөөдрийг хүртэл 13 дахь жилдээ парламентад чуулж, 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын албыг хашиж байв. Одоо тэрээр УИХ-ын дэд даргаар томилогдон ажиллаж байгаа.

Мөн Швейцарийн банкинд хадгаламжтай. Дансанд нь нэг сая ам.доллар байгаа хэмээн сэтгүүлчид улайлгасан ч тэрээр өөрөө 2.9 сая төгрөг байгаа гэсэн юм. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Сард 1.100.000 төгрөгийн цалинтай.

Төрийн алба хаагч Б.Баярцогт.

Өдгөө 25 настай Баярцогт ШШГЕГ-ын ... ангид ажилладаг. Архангай аймагт төрсөн. Одоогоор ганц бие. Түүний сарын цалин 570.000. “Хаан” банкинд данстай ч одоогоор дансанд нь нэг ч төгрөг байхгүй.

Тэрээр цалингаа цуглуулж, өөрийн гэсэн байртай болохыг мөрөөддөг. Гэвч сарын цалин нь ар гэр, унаа, хувцас хунарт зарцуулагдсаар үрэгддэг. Мөн иргэн бүр мөнгөтэй, байртай болж, ядуурлаас гараасай хэмээн мөрөөддөг.

Магадгүй түүний хэтийн бодол нь улстөрч болж ард түмнээ төлөөлөн парламентын танхимд суух. Хэрэв тэгж бодвол тэрээр нэр нэгт С.Баярцогт шигээ ард түмнийхээ амин зуулга болох стратегийн ордын гэрээг гардан гүйцэтгэх нэр хүндтэй ажилд оролцох байсан биз.

Харин түүхэнд нэрээ ямраар үлдээхийг тэр хүсэх бол. Оюутолгойн гэрээг хийлцсэнийхээ дараа алс холын Швейцарийн банкинд сая долларын данс нээлгэсэн нь илэрч хэл аманд өртөхийг хүсэх байсан уу. Б.Баярцогт лав үгүй болов уу.

Хүн бүр ижилгүй гэж.

Д.Баярцогт. Тэрээр өдгөө 56 настай. Өөрийн гэсэн тогтсон ажил, гэр орон байхгүй. Өвлийн хүйтэнд орц, дулаан цагт гадааг гэрээ болгож ирсэн. Хог түүж амиа зогоодог. Түүнд сарын тогтсон орлого гэж байхгүй. Данс ч байхгүй. Түүний мөрөөдөл насны эцэст орох гэр, оочих хаягтай болохыг хүсдэг.

Тэр гэр орон, аяга сэлтээс өөрөөр илүүг давж мөрөөдөхгүй. Мөрөөдөөд мөрөөдөөд С.Баярцогт шиг сая доллар байтугай, Б.Баярцогт шиг ядахнаа төрийн албанд ажиллах тавилан үгүй.

Түүний тавилан гудамжны хэмээх тодотгол руу хальтиран ороогүй бол, хэрэв тэр С.Баярцогтын оронд байсан бол эх орныхоо төлөө юу хийх байсан бол. Орох орон оочих аяганаас илүүг хүсэх нь ч мэдээж. Харин улс эх орныхоо байгалийн баялгаар тоглохыг хэзээ ч хүсэхгүй нь тодорхой.

Ийнхүү Баярцогт гэх эрхмүүд өөр өөрсдийн амьдралаар амьдарч явна.

Цаашид bataar.mn нэр нэгт эрхмүүдийн гурван өөр тавиланг цувралаар хүргэж байх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ