МАН-ын архиваас үзмэр нь олдож Лениний музей амилах нь

“МАН-ын зарим дарга нарын өрөөнд Лениний музейн үзмэр байна гэсэн” хэмээн ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл нэгэн ярилцлагадаа дурдаж, шалгах хүсэлтийг ч гаргаж байсан. Гэтэл түүний энэхүү таамаглал батлагджээ. Учир нь Цагдаагийн ерөнхий газраас музейн сан хөмрөг, үзмэр хайх явцад МАН-ын архиваас зарим үзмэр олдсон байна. Тэр ч бүү хэл, музейн ерөнхий бүртгэлийн дэвтэр ч байгаа аж.

МАН-ын удирдлагуудад удаа дараа хүсэлт тавьж, үзмэрийг хаана байгааг тогтоох гэсэн боловч“байхгүй ч юм шиг, байгаа ч юм шиг аль эсвэл мэдэх хүн алга” гэсэн битүү тайлбар өгч байсан удаатай. Гэтэл байхгүй байгаа гээд гүрийгээд байсан тэднээс амыг асуух цаг иржээ.

Ардчилалын салхи сэвэлзэж эхэлсэн цагаас хойш “Чандмань” гэсэн нэртэйгээр 20 гаруй оныг үдсэн энэ барилга гэнэт олны анхааралд өртөж од болсон. Харин МАН-аас нэхэмжлэгч ССАЖЯ-ынхан байраа буцаан авах хүсэлт гаргаж, удаа дараа шүүхэдсний эцэст байраа буцаан авахаар болсон. Анхан шатны шүүхээс МАН улсын төсвийн хөрөнгөөр баригдсан Лениний музейн барилга нь төрийн өмч гэдгийг тогтоож, тус намын хууль бус өмчлөлөөс албадан чөлөөлөх шийдвэр гаргасан.

Ингэснээр Батаар байртай болоход нэг алхам ойртлоо. 1997 онд Лениний музейн байрны өмчлөлийн маргаан анх дэгдэж, анхан шатны шүүх төрийн өмч гэдгийг тогтоож, үзмэрүүд нь тухайн үеийн МАХН-ынх байж болно гэсэн шийдвэр гарч байжээ. Гэвч давж заалдах болон хяналтын шатны шүүх анхан шатныхаа шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосноор тус музей өдий хүртэл МАН-ын өмч байсан.

Ийнхүү олон сар дуншсан энэхүү хэрэг шийдэгдэж, байраа ч авч, үзмэрээ ч оллоо. Тиймээс хууль хяналтын байгууллагаас Лениний музейн үзмэр дутаагүй гэж дүгнэн гомдлыг хэрэгсэхгүй болгохоор болжээ.

Ямартай ч монголд нэг музей үүд хаалгаа нээхэд бэлэн болж байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ