Майами хит ялж 3:3 боллоо

NBA-гийн аваргын төлөөх цувралын зургаа дахь тоглолт Майами Хит талбай дээрээ гуравхан онооны зөрүүгээр илүүрхэж хожсоноор өндөрлөлөө.

Ингэснээр аваргын төлөө долоо дахь цуврал тоглолт гарах болов. Сая өндөрлөсөн тоглолт маш ширүүн өрсөлдөөн дунд явагдсан бөгөөд Сан-Антонио Спэрс аварга болоход маш ойрхон байлаа.

Хэдхэн мөч, хэдхэн онооны зөрүүгээр туйлын эгзэгтэй ширүүн өрсөлдсөн дөрөвдүгээр үеийн туршид ээлжлэн оноогоор илүү гарч байсан ба Сан-Антонио Спэрс цаг дуусах мөчид боломжийг алдсанаар оноо тэнцэж нэмэлт цаг сунгасан.

Эцсийн мөчид 103:100-гийн харьцаагаар Майами Хит өрсөлдөгчөө буулгаж авсан юм. Майами Хитээс багийн лидер Леброн Жеймс 32 оноо авч энэ тоглолтын баатар болсон бол Марио Чалмерс түүнд дэм үзүүлж 20 оноо авсан.

Дуэйн Уэйд харьцангуй энэ тоглолтод сайн байсангүй ердөө 14 оноо авсан бол төвийн тоглогч Крис Бош 10 оноо, 11 самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ.

Харин Сан Антониогоос Тим Данкан өөрийн үүргээ биелүүлж 30 оноо, 17 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бол Каухи Леонард 22 оноо, Тони Паркер 19 оноо авсан юм. Өмнөх тоглолтын гол баатар болсон Ману Жинобили харин энэ тоглолтод 35 минутын турш талбай дээр байж ердөө 9 оноо авчээ.

Аварга тодрох долоо дахь тоглолт Улаанбаатарын цагаар баасан гаригийн өглөө Майами хотноо болно.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ