С.Үнэн: Цэвэрлэх байгууламж барихгүйгээр хотыг баруун тийш тэлэх боломжгүй

Нийслэлийн Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэнтэй ярилцлаа.

-Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй боллоо гэж олон жил ярьсан ч ямар нэг шийдэлд хүрсэнгүй. Өнөөгийн байдлаар цэвэрлэх байгууламж ачаалал хэд дахин нэмэгдсэн бол?

-Улаанбаатар хотын ахуйн хэрэглээний бохир усыг цэвэрлэх зориулалттайгаар 1964 онд Төв цэвэрлэх байгууламжийг барьсан. Хот хөгжиж, суурьшил нэмэгдэхийн хэрээр хүчин чадлаа нэмээд жил тутам өргөтгөсөн. Төсвийн хүчин чадал нь хоногт 240 мянган метр.куб усыг цэвэрлэх юм. Харин одоогийн ажиллаж байгаа боломжтой хүчин чадлаар хоногт 170 мянган метр.куб ус цэвэрлэж байгаа юм.

Манай Төв цэвэрлэж байгууламж 155 мянган метр.куб цэвэр ус нийлүүлж, 150 мянган метр.кубыг татан цэвэрлэж байна. Мөн механик болон биологийн цэвэрлэгээ хийдэг. Биологийн гэдэг нь бактер үржүүлж, түүгээр усан дахь органик болон бусад нэгдлүүдийг задалж байдаг.

Гэтэл бактерууд үйлдвэрээр ирж байгаа хортой усанд үржиж чадахгүй устаж байна. Ингэхээр Төв цэвэрлэх байгууламж дээл биологийн цэвэрлэгээ хийх боломжгүйд хүрээд байгаа юм. Зөвхөн механик болон хагас биологийн цэвэрлэгээ хийснээс болж асар их бохирдолтой ус байгаль нийлүүлэгддэг. Үүнд Сонгино болон Биокомбинатын бүс нутагт хамрагдаж, бохирдож байна. Яаралтай арга хэмжээ авахгүй бол хот баруун зүг рүү хөгжих боломжгүйд хүрнэ.

-Туул голыг бохирдуулж байгаа өөр нэг зүйл нь Харгиагийн цэвэрлэх байгууламж. Харгиаг энэ хэвээр нь ашиглах хэрэг байдаг юм уу?

-Нийслэлд арьс шир, ноос ноолуур боловсруулах болон хүнсний 50 орчим үйлдвэр бий. Эдгээрийн бохир усыг урьдчилан цэвэрлэх байгууламж Харгиагийн хүчин чадлаар цэвэрлэж дийлэхгүй байна. Хэдийгээр одоо Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар гэж байгаа ч түүхэн замналыг нь харахад олон эзэнтэй байсан.

Энэ утгаараа Харгиа үйлдвэрүүдтэй бизнесийн зарчмаар хамтран ажиллах ёстой. Ингэж байж үйлдвэрүүдийн бохир усыг цэвэрлэж, стандартад нийцсэн ус нийлүүлэх болно. Гэтэл одоо буруу менежмент явуулж байна.

-Тэгвэл зөв менежмент гэдэг нь юу юм бол?

-Харгиаг үйлдвэрийн бохир усыг цэвэрлэх технологийн шийдэлтэйгээр байгуулсан байдаг. Гэтэл хөрөнгө санхүү болон менежментийн асуудлаас болоод сайн ажиллаж чадахгүй байна. Тухайлбал, арьс ширний үйлдвэрүүд хэдийгээр монгол эзэнтэй байдаг ч цаана гадаадын иргэд бий. Тэд байгаль орчин хамгаалахаас илүүтэйгээр хэрхэн, яаж ашиг олох вэ гэж боддог.

Уг нь үйлдвэр бүрийн дэргэд усан дахь хорыг саармагжуулах жижиг оврын цэвэрлэх байгууламж байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл үүнийг хийсэн үйлдвэр бараг байдаггүй. Байгаа ганц хоёр нь ажиллахгүй байх жишээтэй. Харгиагийн үйл ажиллагааг сайжруулахын тулд эдгээр үйлдвэртэй харилцан ашигтай гэрээ байгуулж ажиллах ёстой.

-Нийслэлийн хөгжлийн бодлогод шинэ цэвэрлэх байгууламж барина гэсэн байна билээ. Энэ ажил хэзээ эхлэх вэ?

-Нийслэлийн удирдлагын зөвлөл Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцуулж, яаралтай шинэчлэх шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу удахгүй захирамж гарна. Гадаадынхан энэ ажлын судалгааг хийж, ТЭЗҮ гаргасан байгаа.

-Энэ ажлын хөрөнгө мөнгийг хаанаас гаргаж байгаа вэ. Урьд нь зөвхөн мөнгөний асуудлаас болоод хойшилсон санагдах юм?

-Гаргаж өгсөн судалгаа болон техник, эдийн засгийн үндэслэлээс хамаарч өөр өөр байгаа. Тухайлбал, Японы “JICA” олон улсын байгууллага 486 тэрбум төгрөгийн төсөвтэй хоногт 170 мянган метр.куб ус цэвэрлэх хүчин чадалтай байгууламж барих бүх судалгаа, техникийн үзүүлэлтийг тооцоолж гаргасан. Мөн 250 мянган метр.куб усыг хоногт цэвэрлэх боломжтой 380 тэрбумын төсөвтэй судалгаа ч бий.

-Санхүүгийн эх үүсвэрийг ягхаанаас гаргах вэ?

-Бид яаж санхүүжүүлэх талаар ярилцсан. Ирэх онд хотын захиргаа бонд гаргана. Түүнээс санхүүжүүлэх бүрэн боломжтой. Үүнээс гадна Засгийн газар болон Нийслэл төсөвт тусгаж болно. Мөн урт хугацааны зээлээр санхүүжүүлж болно. Тухайлбал, Францийн Засгийн газрын бага хүүтэй урт хугацааны зээл өгөх боломжтой гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

-Хаана барихаа товлосон биз дээ?

-Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад спорт цогцолборын ордон болон хөлбөмбөгийн талбайн дор байгуулсан байдаг. Харин манай улсын хувьд ийм боломж байхгүй учраас одоо ажиллаж байгаа Төв цэвэрлэх байгууламжийн хажууд барихаар болсон. Энэ онд барихаар төлөвлөж байсан Био цөөрмийн талбайгаас хагаслан барина. Гэхдээ шинэ цэвэрлэх байгууламжийн лаг боловсруулах хэсгийн хамгийн түрүүнд барина. Учир нь Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд 50 жилийн туршид хуримтлагдсан лаг байна. Тэгэхээр энэ асуудлыг шийдэж байж дараагийн ажилдаа орно.

-Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орвол хуучин байгууламжийг ямар зориулалтаар ашиглах вэ?

-Шинэ цэвэрлэх байгууламж тийм хурдан хугацаанд баригдахгүй. Бараг 4-5 жил шаардагдана. Тиймээс тэр хүртэл ашиглана даа.

-Бүтээн байгуулалтын ажлыг хэзээ эхлүүлэх вэ?

-Энэ асуудлыг хурдацтай шийдвэл ирэх хавраас эхлүүлэх боломжтой.

Б.Даваатогтох

СЭТГЭГДЭЛ БИЧИХ