Монгол туургатныхаа бөхчүүдийг уръя

Наадам дөхлөө. Наадмын гол үзвэр нь үндэсний бөх гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Үндэсний гэхээр зөвхөн монголчууд барилддаг гэх сэтгэлгээнээс салах цаг иржээ. Соц үеийн наадамд орос хүн барилдаад дөрөв давчихсан тохиолдол бий шүү. Хэдэн оны наадмыг нь харин мартчихаж. Далаад оны сүүлчээр болсон нэг наадам санагдана.
Манайхан ч ёстой дээр, доргүй сандарсан даа. Тав давчихвал яах вэ гэдэг асуудал гарахгүй юу. Начин өгөх үү, байх уу гээд л яриа болсон юм байх. “Хоёр Мөнх” улаан цагаан аваад хаячихаж болдоггүй. Тэгээд нэг начин ч бил үү, заан амлаад хаясан билээ. Арайхийж хаясан болсон юм шүү, хөөрхийг. Түүнээс хойш Монгол наадамд гадны хүн барилдуулахаа больсон гэнэ билээ. Ингээд ерэн онтой золгож, ардчилал, хүний эрх яригдсанаар дээрх асуудал буцаад тавигдсан юм.
Сайндаа ч биш, бидний мах, цусны тасархай гэгддэг ОХУ-ын БНТУ-ын “Монгуш”-ууд ирсэн нь тэгэхэд хүргэсэн гэхэд болно. Манайхны сайн танил, Тувагийн бах, самбо болон сонирхогчдын сүмогийн дэлхийн аварга, аймгийн арслан Монгуш Аяс жинхэнэ гай тарих шахаж билээ. Ирэх болгондоо гурваас дээш даваад балласан даа. Осолдохгүй л томчууд авч байж тэр “начин”-аа нэг юм авч үлдсэн дээ.Түүнийг их ч гомдоосон байх. Сүүлдээ ч ирэхээ байсан юм. Голдоо ортол гомдоо байлгүй дээ. Харин наадмын шинэчилсэн хуулиар “Хэрэв Монгол туургатан орны бөхчүүд ирвэл барилдуулна” гэсэн санагдана. Уламжлал болон зохиогддог “Монгол туургатан улсуудын бөхийн барилдаантай бүү хутгаарай. Өөрөөр хэлбэл, зөвхөн Улсын наадамд гэсэн үг. Тэрэндээ хүрвэл тэр муу хэдийгээ урьчихъя л даа. Ирээд барилдаг яадаг юм.
Одоохондоо арай ес даваад түрүүлчихгүй биз. Хоншоортой аавын хүү ирээд түрүүлбэл түрүүлэг л дээ. Улсын арслан л болно биз дээ. Наадам ярих юмтай сайхан байвал гоё биш үү? Халимагийн хөвүүн “Цагаангол” түрүүлж арслан болох шивдээ гээд л ярьцгааж байя. Тэр ч хариад ярих юмтай байг. Тэгээд ч даяарчлагдаж буй дэлхийд Монгол наадам ч гэсэн даяаршиг л дээ. Энэ жилээс олон үндэстэн оролцсон эрийн сайхан наадам хийчихье тэгэх үү, бүгдээрээ.
Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ