Хүний наймааны хохирогчдын гэр бүлийг цагдан хорилоо

Хүний наймааны золиосонд охиноо алдсан Ц.Ганзориг агсан“Хүний наймааг зогсооё” хэмээн өлсгөлөн зарлаж байсан.
Гэвч тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард амиа алдсан юм. Харин охиныг нь хохироож, хүчээр биеийг нь үнэлүүлж байсан хүмүүст хуулийнхан одоо хүртэл арга хэмжээ авч, хариуцлага тооцоогүй байгаа билээ.
Харин талийгаач Ц.Ганзоригийн эхнэр, хүү, хүүгийнх нь найман сартай жирэмсэн охин гурвыг нь саатуулсан байна. Энэ талаар түүний эхнэр “Лантуун дохио” ТББ-ынханд мэдэгджээ. Тиймээс “Лантуун дохио” ТББ-ынхан охиных нь биеийг хүчээр үнэлүүлж байсан Н.Алтанзул хохирогч болж, охиноо алдсан гэр бүл ийнхүү гэмт хэрэгтэн болж, цагдан хоригджээ хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.
Харин энэ талаар Улсын Ерөнхий прокурорын газрын албаны эх сурвалжаас тодруулахад “Хүний наймааны хэрэгт нь холбогдуулан цагдан хориогүй. Эдгээр гурван хүн хамтдаа залилангийн хэрэг үйлдсэн. Бусдыг гадаадад сургана хэмээн залилан мэхэлсэн. Тиймээс цагдан хорьсон” гэлээ.
Хэргийг сануулбал, Ц.Ганзоригийн охин гурван жилийн өмнө ор сураггүй алга болж, 12 хоног дараа олджээ. Түүнийг Н.Алтанзул гэгч эмэгтэй нөхөр, хүүгийнхээ хамт гэртээ хорьж, биеийг нь үнэлүүлж мөнгө олдог байсан гэнэ.
Энэ тухай талийгаач Ц.Ганзориг “Охиноо амьд олсондоо л баярлаж байна. Хоёр жилийн өмнө охиноо алга болсны дараа нэлээн юм болж байж, 12 хоногийн дараа олсон. Гэтэл охиныг минь бие, гарыг тамхины цогоор түлж, бүр пийшингийн халуун ширмээр хүртэл түлж тарчлаасан байсан. Гарынх нь шууг шил, хутгаар зүсчихсэн гэх мэт бие нь маш их шарх сорвитой байсан.
Тэр хүмүүс үгэнд нь орохгүй болохоор ингэж тарчлаадаг байсан юм билээ. Гэртээ хорьж, хүчээр биеийг нь үнэлүүлж мөнгө олдог. Монгол Улс чинь хуультай биз дээ.Гэтэл өнөөдрийг хүртэл хүний наймааны хэргийг зохион байгуулсан хүмүүст хариуцлага тооцохгүй байгаад гомдолтой байна” хэмээн ярьж байсан юм.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ