Дэлгэрхааны гэрэлт хөшөө бүхий түүхийн ховор дурсгал олджээ

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Ц.Болорбат нарын хайгуулын баг 2011 оны найман сард Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Дэлгэрхаан уулд археологийн хайгуул хийх явцдаа олон хөшөө цэцэг хээ дүрсэлсэн хавтан бүхий цогцолбороос эртний Түрэг бичиг олжээ.

2013 оны зургаан сарын 12-оос 18-ны хооронд Археологийн хүрээлэнгийнсекторын эрхлэгч доктор, дэд профессор Б.Цогтбаатар, эрдэм шинжилгээний ажилтан Р.Мөнхтулга, Япон улсын Осака Их сургуулийн профессор Т.Осова уг хоёр гэрэлт хөшөөний бичээсийг цаасан хэвэд тулгуурлан урьдчилсан байдлаар уншиж нийт 20 мөр, 2832 үсэг, 646 үг, 30-аад тамга буйг тогтоогоод байгаа юм. Уг бичиг нь эртний Түрэг бичигээр бичигдсэн бөгөөд дурсгалын эзэнд зориулан “:ebim e:”, “: begim e:”, “: yerim e:” буюу “ орд гэр минь ээ”, “ноён минь ээ”, “нутаг минь ээ” гэх зэрэг тахилын үгсийг маш олноор сийлсэн аж. Нас барсан ихэс язгууртанд зориулж уг тахилын онгоныг байрлуулах ёслолд оролцсон овог аймгийн язгууртанууд хөшөөнд тамгаа сийлсэн байж болзошгүй байгаа аж.

Одоогоор уг дурсгал дахь хоёр хөшөөнөөс бичээс, тамга, нэг хөшөөнөөс нэг тамга илэрсэн ба бусад араваад чулуунаас дээрхтэй адил бичээс, тамга илрэх магадлалтай байгаа бөгөөд уг дурсгалыг нэг хүнд бус ураг төрлийн ойрын холбоо бүхий хэд хэдэн хүнд босгосон гэж үзэж байгаа юм. Монгол Улсын нутгаас өнөөг хүртэл ийм том хөшөөтэй цогцолбор олдоогүй бөгөөд Эртний Түрэгийн үеийн гэрэлт хөшөө нь үгзүй, хэлзүйн онцлог тамгын хэлбэр, хашлагын чулууны дүрслэл зэрэгт үндэслэн уг дурсгалыг 735 оноос хойш 740 оны эхэн үед Түрэг улсын хожуу хаант улсын, хааны дараа орох ихэс язгууртанд зориулан байгуулсан гэж таамаглаж буй аж. VIII-р зууны эхэн хагас Түрэг улсын зүүн жигүүрийн улс төрийн бүлгүүд (аймаг, омгууд), Хятан, Татаби, Татар зэрэг аймгууд, Монголын дорнод нутгаар нутаглаж байсан Татарын түүхийг судлах чухал олдвор, баримт юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ