“Нарантуул” худалдааны төвд хүний эрх зөрчигдөж байна

"Нарантуул” олон улсын худалдааны төвийн худалдаа эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хороо болон түрээслэгчдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр тус худалдааны төвд шалгалт хийхэд хүний эрхийн хэд хэдэн зөрчил илэрчээ.

Өмнө нь буюу 2013 оны 3 дугаар сарын 20-нд ХЭҮК тус худалдааны төвийг шалгахад лангуу түрээслэгчидтэйгээ түрээсийн гэрээг хуульд заасны дагуу бичгээр байгуулаагүй, улмаар гэрээгээр тохиролцоогүй төлбөр, хураамж авч байсан нь тогтоогдсон бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу тус худалдааны төвд Комиссын гишүүн шаардлага хүргүүлж байсан билээ.

Иргэний тухай хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт "Түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ" гэж заасан атал тус худалдааны төвд задгай талбай дээр лангуу түрээсэлж буй иргэдтэй хуульд заасан шаардлагад нийцүүлж гэрээ хэлцэл байгуулахгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4-т заасан Монгол Улсын иргэний "хувийн аж ахуй эрхлэх” эрхийг хөндөж байгаа бөгөөд тус худалдааны төвд лангуу түрээсэлж буй худалдаа эрхлэгч иргэдийн Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор баталгаажсан эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс түрээсийн гэрээ байгуулаагүй худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэдтэй түрээсийн гэрээг бичгээр байгуулах шаардлагыг ХЭҮК-оос тавьсан юм.

Иргэний хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд түрээслүүлэгчийн зүгээс түрээсийн төлбөр шаардах, түрээслэгчид түрээсийн төлбөр төлөх үүрэг үүсэхгүй бөгөөд цаашид түрээсийн гэрээг хуульд заасан шаардлагад нийцүүлэн байгуулах, тухайн гэрээгээр сар бүр авах төлбөр, хураамжийн асуудлыг зохицуулахыг ХЭҮК-оос шаардсан билээ.

Мөн сар бүр гэрэлтүүлэг, харуул хамгаалалтын зардал гэх мэт төлбөрийг түрээслэгчдээс авч байгааг түрээсийн гэрээгээр тохиролцсон төлбөр гэж үзэх боломжгүй ба Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт "Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба түрээслэгч нь зөвхөн гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй.

Тус худалдааны төв нь түрээсийн гэрээгээ энэ оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчлэн байгуулахаар болсноо өмнөх шалгалтын үеэр мэдэгдэж байсан хэдий ч Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийсэн гэнэтийн шалгалтаар дээрх зөрчил арилаагүйг тогтоов. Иймд тус төвд зөрчлийг 2013 оны 7 дугаар сард багтаан арилгаж, түрээслэгчидтэй түрээсийн гэрээг бичгээр байгуулах хугацаат үүргийг ХЭҮК-оос өгсөн ба хэрэв шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу дараагийн арга хэмжээг авахаар болоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ