Хэдхэн тугалын үхлийн цаана хэчнээн их аюул нуугдаж байгаа бол...


Оюутолгойн гэрээний ноцтой баримт, С.Баярцогтын нууц данс, Ерөнхийлөгчийн хатуу үгс, МАН болоод МАХН-ын нөхдүүдийн сонгууль угтсан тэмцэл, Ерөнхий сайдын Бурхан халдун дахь “гацалт”, Ө.Энхтүвшингийн махны үнийн тухай гэгээн мөрөөдөл гэхчлэн энэ хавар анхаарал татсан үйл явдлууд хөвөрч л байна. Харин энэ мэт шоунуудын хөлд чирэгдээд бүдгэрээд байгаа чухал асуудлуудын нэг нь Францын “Арева” компанийн охин компани Кожеговь компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор цацрагийн бохирдлын улмаас 19 тугал хорогдсон тухай асуудал юм. Магадгүй 19 тугал гэхээр засгийн эрх мэдэлтнүүдийн чихэнд 19-хэн тугал гэж сонсогдож байж болох ч энэ бол хэдэн туглын хорогдлоор хэмжигдээд өнгөрөх асуудал биш. Бүс нутгийн хэмжээнд аюул дагуулж болзошгүй тун ноцтой асуудал юм.
ЦЭГ-аас Францын компанийг үхтлээ өмгөөлж, хамгаалж ирсэн ч Мал эмнэлэг, үржлийн газраас гаргасан мэдээллээс үзэхэд яах аргагүй араас нь асуудал тавихаас өөр аргагүй юм. Учир нь “2012 оны арваннэгдүгээр сарын 28-наас 2013 оны нэгдүгээр сарын 31-ний хооронд Дорноговь аймгийн Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн үхэр сүргээс эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүйгээр 19 тугал бэлчээрт үхсэн. Малчин Д.Норсүрэнгийн үхэр сүрэг байнга бэлчээрлэн явдаг бэлчээр, уст цэгүүдээс хөрс, ургамал, усны дээж, мөн ураны хайгуулын хаягдлын цэг гэж нэрлэгддэг зөөвчийн овоо, тал хонгорын шар дов зэрэг газарт байгаа хаягдлын цэгээс шаврын дээж удаа дараа авч цацрагийн болон хүнд элементийн агуулга тодорхойлох холбогдох шинжилгээг УМЭАЦТЛ-ийн цацрагийн лаборатори, Геологийн төв лабораторид хийж дээрх дээж материалууд цацраг болон хүнд металлын бохирдолтой болохыг тогтоов. Үхсэн болон зориудаар задлан хийсэн тугалаас авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр цацрагийн болон хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэсэн эцсийн онош, дүгнэлт гарсан бөгөөд эцсийн хариу гараагүй байгаа болно” гэсэн мэдээллийг өгсөн. Гэхдээ энд нэг зүйлийг тодотгоход Мал эмнэлэг, үржлийн газрын зүгээс эхлээд гаргасан мэдээлэлдээ эцсийн дүгнэлт гарсан гэж байсан бол хоёр өдрийн дараа “залруулга” болгон “эцсийн хариу гараагүй байгаа болно” гэх үгийг нэмж байсан билээ.
Харин энэ талаар Ерөнхий сайд байр сууриа илэрхийлэхдээ “Сонгуулийн өмнө Цөмийн энергийн газрынхан цацраг идэвхит бодисоос болсон юм байхгүй гэж дүгнэлт гаргасан юм билээ. Арваннэгдүгээр сарын үед дахин хэдэн тугал үхсэн, цөмийн энергийнхэн бас л ийм зүйл байхгүй гэсэн дүгнэлт гаргасан. Мал эмнэлгийнхнийг явуулсан. Энэ хоёр газрын дүгнэлт зөрүүтэй гарч байгаа нь үнэн. Тийм учраас би сая Дорноговьд ажиллахдаа энэ хоёр байгууллагынхныг хамт суулгаж Д.Норсүрэн гуайтай ярьсан. Улаанбаатарт ирээд хамтарсан ажлын хэсэг гаргаж, хамтдаа ажилла гээд явуулсан. Бид сургаар ажил хийхгүй, нотолгоотой хөдөлгөөнгүй баримтад тулгаарлан ажиллана. Хүч чадал чинь хүрэхгүй бол сорьцийг нь гадаадад явуулж шинжлүүл гэсэн” гэх зүйлийг ярьсан байгаа. Ерөнхий сайд ингэж ярьснаас хойш хагас сарын хугацаа өнгөрчээ. Ерөнхий сайд ярьж л байдаг. Маш их ярьдаг. Мал эмнэлэг, үржлийн газраас өгсөн мэдээллээр бол туглуудын үхлийг цацрагийн бохирдолтой холбож харахаас өөр аргагүй байгаа юм.
Гэтэл манай ЦЭГ /Цөмийн энэргийн газар/ гэдэг газар “Кожеговь” ХХК буюу одоогоор ураны олборлолт явуулаагүй, технологийн туршилтын ажил хийсэн гэдэг. Тиймээс ураны хайгуулаас шалтгаалж мал амьтан үхсэн, байгаль орчин бохирдсон тохиолдол гараагүй.” гээд л айхтар мэдээд л яриад байгаа юм. Нөгөөх “Кожеговь”-ийнх нь толгой нь болох “Арева Монгол” компанийн зүгээс ч ямар ч буруугүй гэдэг зүйлийг ярьсаар байна. Тэдний мэдэгдэж байгаагаар бол Улаанбадрах сумын Дулаан-Уулын ордоос уран олборлох боломжтой эсэхийг нягтлахын тулд 2010 оны арванхоёрдугаар сард технологийн туршилт хийхдээ газар дор уусган олборлох аргыг (ISR) ашигласан гэж байгаа.
Тэгэхээр талуудын байр суурь ийм байгаа бол эцсийн нэгтгэсэн хариу Байгаль орчин ногоон хөгжлийн яамны зүгээс албан ёсоор гарах ёстой. Гэхдээ эцсийн хариуг чин үнэнээр нь гаргах болов уу гэсэн эргэлзсэн хүлээлт нийгэмд хэдийнэ үүсчихээд байна.
Монголчууд бид байгаль дэлхийгээ сүйтгэхийн дээдээр сүйтгэсээр, төр засгийн бодлогоор гаднынхантай нийлэн сүйтгэх ажил хийсээр л.
Б.Баяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ