Хүүхдүүд ийм дээрээ л хөөрхөн байдаг юм

Н.Алтанхуягийн нэгэнтээ хэлсэн үг байдаг. Аль ч намынхантай муудалдах хэрэггүй. Өөрийнхөө өмнө гишгэж яваа хүнийг түшиж дэмжин дээш нь гаргах хэрэгтэй.
Тэгвэл нэгэн цагт чиний ээлж ирэхэд хэн ч чамайг эсэргүүцэхгүй гэж. Энэ бол барагтай улстөрчийн амнаас гарахгүй үг.
Тэгээд ч 2012 оны парламентын сонгуулиар АН олонхи болоход Н.Алтанхуягийг намын даргынх нь хувьд ч, их улс төрд шан татсан цаг хугацааных нь хувьд ч аваад үзсэн Ерөнхий сайдын суудалд залахаас өөр арга байсангүй.
Өмнө нь Р.Гончигдорж, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав, Р.Амаржаргал гээд бүгдээрээ хувь хувиа хүртсэн.
Иймээс Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах МАН-ын бүлгийн 25 гишүүний гарын үсэгтэй бичиг бол одоо нэг их нэмэр болохгүй. Тэд бол ээлж нь ирээгүй хүмүүсийн тоглоом. Их улс төрд хүүхдүүд ийм дээрээ л хөөрхөн байдаг юм.
АН-ынханд гашуун сургамж бий. 1996-2000 оны “Ардчилсан холбоо” эвслийн засаглалын үед тухайн үед парламентад суудалтай байсан гурван намын удирдлага хуйвалдан Үндсэн хуульд хууль бусаар өөрчлөлт оруулсан юм.
Үүний уршгаар Үндсэн хуульд тусгалаа олоод байсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчим гажуудаж, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсан. Эвслийн анхны Ерөнхий сайд М.Энхсайханыг огцруулж, Ц.Элбэгдорж үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж, Ж.Наранцаралтыг арай чамай батламжлуулж, эцэст нь Р.Амаржаргал гүйцэтгэх засаглалын сүүлчийн тэргүүнээр бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацааг өндөрлүүлж байлаа.
Дунд нь ардчиллын алтан хараацай С.Зориг амь үрэгдэж, 2000 оны сонгуульд хоёр талцсан эвслийнхэн үсгүй арчуулсныг түүх мартаагүй. Тэгээд ч хашир парламентч Р.Гончигдорж саяхан бид огцруулах гэдэг юмаар мөн ч их улс төр хийлээ.
Би тэр юмыг яс махандаа хүртэл мэднэ. 1996-2000 онд ардчилсан хүчин анх удаа олонхи болоход энүүгээр л тоглосон. Бид МАН-аар дахин тоглуулахгүй гэсэн нь чухамдаа их улс төрд удсан зангарагтай хүний үг.
Мэдээж АН-ынхны дотор Ерөнхий сайд болох сонирхолтой хүн мэр сэр бий л дээ. “Женко” Х.Баттулга гэхэд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Энхсайханыг зайлуулсных нь хариуд ТӨХ-ны дарга Ж.Нанзаддоржийг халсан Н.Алтанхуягт яавч сайнаар хандахгүй.
Гэхдээ шинэчлэлийн Засгийн газрын дээвэр дор багтсан “Шударга ёс” эвслийнхэн МАН-ын бичгийг дэмжихгүй байгаа.
МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлийг олж харахгүй байна гэсэн бол Сангийн сайд Ч.Улаан, энэ асуудалд бид ул суурьтай хандах ёстой. Одоо бид “Чалько”-тай байгуулсан гэрээгээр нүүрсээ нийлүүлбэл тонн тутамд 20 ам.долларын алдагдал хүлээхээр байгаа.
Нөхцөл байдал ийм байхад та бүхэн механикаар нүүрсний экспортоо нэмэгдүүл гэж Засгийн газрыг шаардахгүй биз дээ. Улсын төсөв хэцүүхэн байгаа нь үнэн. Гэхдээ цалин, тэтгэвэр тэтгэмж, төрийн байгууллагуудын төсвийг саадгүй өгч байгаа гэв.
Өнөөгийн улс төрд үнэт зүйл, үзэл санаа, зарчим үнэгүйдсээр байгаа нь үнэн. Гэхдээ мөнгөний өрсөлдөөнөөс бодлогын өрсөлдөөн руу орох цаг болжээ.
Ард түмэн өнөөдөр өлссөндөө уурлаагүй, шударга ёсоор цангасандаа бухимдаж байна. Тиймээс цөөхөн хүний зоргоор Засгийн газраараа айл гэр болж тоглохоо боливол яасан юм. Хэрэв Н.Алтанхуягийг огцруулбал дараа нь хэн гэж...
Х.Баатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ