Г.Номуундарийн хэрэг нэг л "бишдэх" гээд байна уу?


Он гарсан ч олны анхаарал татсан зарим хэргүүд шийдвэрлэгдэхгүй удаж буй. Тухайлбал, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь өнгөрсөн онд /2017.11.30/ цахим хуудсаараа дамжуулан эрх бүхий албан тушаалтны хүүхдүүд хар тамхи хэрэглэдэг, өөрийгөө бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээллийг цацсан. Уг хэргийн явц ямар шатанд байгааг Нийслэлийн прокурорын газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор С.Бясман өчигдөр мэдээлсэн юм.
Тэрээр “Хохирогч Н-ийн ар гэрийнхний гомдлын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалган, 2018 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Ингэхдээ хэргийн газар буюу 2015 оны зургаадугаар сарын 16-17-ныг шилжих шөнө тухайн байранд нэр бүхий нийт 19 хүүхэд, залуучууд төрсөн өдөр тэмдэглэж байсан болох нь тогтоогдсон. Дээрх 19 хүнээс өнөөдрийн байдлаар 14 хүнийг олж тогтоон, гэрчээр мэдүүлэг авсан.
Хохирогч Н-ээс түүний өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг авах явцад тэрээр мэдүүлэг өгөхөөс татгалзаж, түүний өмгөөлөгчийн саналаар мэдүүлгийг зогсоосон. Мэдүүлгийг хохирогч Н-ээс дахин авахаар мөрдөгч болон прокуророос удаа дараа дуудуулсан боловч өнөөдрийг хүртэл ирээгүй, мөн шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэхээс хохирогч татгалзсан байгаа учраас мөрдөн байцаалтын ажиллагаа удаашралтай явагдаж байна” гэсэн тайлбарыг өгөв.
Г.Номуундарийн хувьд гомдол гаргаад зогсохгүй мэдүүлгээ ч өгчээ. Харин охины мэдүүлгийн мөрөөр нэр бүхий хоёр этгээдийг авчирч шалгаагүй. Сэжигтнүүд гадаадад байгааг эх сурвалж хэллээ.
Түүний өмгөөлөгчдийн зүгээс Цагдаагийн байгууллагаас гаргасан тусгай ажлын хэсгийн зарим мөрдөн байцаагчийг мөрдөн шалгах ажиллагааг хууль зөрчин явуулсан хэмээн олон нийтэд мэдээлж байсан. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1, 20.5-д “Өмгөөлөгч нь өмгөөлөгдөж байгаа сэжигтэн, хохирогч, яллагдагч, шүүгдэгч, ялтны эсхүл өөрийн хүсэлтээр хийж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд байлцаж, аль ч үед асуултаар хүсэлт гаргах эрхтэй” гэж заасан.
Үүний дагуу Г.Номуундарийн өмгөөлөгчид гэрчийг байцаахад өөрийн биеэр байлцахаа албан ёсоор бичгээр мэдэгдсэн ч хүсэлтийг биелүүлээгүй аж. Иймд гэрчүүдээс хуулийн дагуу үнэн зөв мэдүүлэг авсан эсэх эргэлзээтэй хэмээн өмгөөлөгчдийн зүгээс ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтэст дахин гомдол гаргасан ч түүний мөрөөр хариу ирүүлээгүй байна.
Харин эл хэрэгт сэжигтнээр татагдсан Э.Т нар нь эрүүгийн хэрэг нээхээс өмнө буюу асуудал үүсэхээс өмнө гадаад улсад суралцахаар Монгол Улсын хилээр гарсан тул мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр ял сонсгож, яллагдагчаар татаагүй тохиолдолд хилийн хязгаарлалт тогтоох, эрэн сурвалжлах аливаа албадлагын арга хэмжээ авах хууль зүйн үндэслэл байхгүй байгааг прокурор мэдэгдэв.
Хүчирхийлэл, цаашилбал хар тамхины “аалзны тор”-той ямар нэг хэмжээгээр холбоотой байж болзошгүй уг гэмт хэрэг мөрдөн байцаалтын шатанд ийм байдалтай гацсаар хэр удах вэ..
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ