Авлигын улмаас улсад 69 тэрбум 546 сая төгрөгийн хохирол учирчээ

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өнөөдөр /2018.02.26/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АТГ-ын комиссар Т.Мөнхтунгалаг: АТГ-т төрийн өндөр алба хашиж буй болон төрийн холбогдох албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх хугацаа хоёрдугаар сарын 15-нд дуусгавар болсон. Энэ талаар эхлээд танилцууллаа. Хуульд заасан хугацаанд зохих шатны байгууллагын 40073 эрх бүхий албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах байснаас 40067 нь хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгчээ.

Харин Төрийн өндөр албан тушаал хашдаг 272 албан тушаалтан мэдүүлгээ гаргах ёстой байснаас 271 нь бүртгүүлжээ. Нэг хүн буюу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Б.Билэгт хуульд заасан хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй байна. АТГ-аас хуульд заасан хугацаанд мэдүүлгээ гаргахыг удаа дараа сануулсан боловч мэдүүлгээ гаргаагүй учраас хуулийн дагуу түүнд хариуцлага хүлээлгэнэ гэлээ.

АТГ дараа нь 2017 ондхийсэн ажлынхаа талаарх тоон үзүүлэлтийг танилцуулав. Тухайлбал, 2017 оны байдлаар төрийн албанд шинээр болон сэлгэн томилогдсон 11,115 хүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хянаж, хариу өгсөн байна. Энэ тоог арванхоёр сард хувааж үзвэл нэг сард дунджаар 1000 хүнийг сэлгэх, шинээр томилох асуудлыг АТГ авч хянажээ.

Авлигын гэмт хэргийн улмаас 2017 онд улсад 69 тэрбум 546 сая 211 мянган төгрөгийн хохирол учирчээ. Үүнээс 11 тэрбум 201 сая 118 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.

АТГ-ын комиссар Т.Баярхүү "2018 он гарсаар эхний хоёр сарын байдлаар 305 гэмт хэрэгт эрүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс 34 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бол 31 хэргийг хаах саналтай, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар шийдвэрлэжээ. Шинээр 17 эрүүгийн хэрэг хүлээн авч, 237 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа " гэлээ.

АТГ-аас 2018 оны эхний хоёр сарын хугацаанд 21 эрүүгийн хэрэг шүүхэд шилжүүлсэн байна. Түүний дотор Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярыг албан үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас удаа дараагийн үйлдлээр онц их хэмжээний хахуул авсан зэрэг асуудлууд багтжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ